Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж-Аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн “Хүнсний хувьсгал”-д хүч нэмэгдүүлэн, хэрэгжүүлэх гол түшиц аймаг бол Төв аймаг.
Аймгийн хэмжээнд 2005 оноос эхлэн сумдын жижиг дунд үйдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэх, борлуулалт зах зээлийг тэлэх, мөнгөний гадагш урсгалыг зогсоох зорилгоор жилд 5-аас доошгүй удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулж хэвшсэн. Энэ нь сум, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид болон хэрэглэгчдийн хүлээдэг, эрэлт хэрэгцээ болсон томоохон арга хэмжээ болж өргөжжээ.
Өнгөрсөн 2022 онд “Хөдөлмөрийн амт”, “Төв түмний цэнгэл баяр наадам”, “Төв түмний сүүн соёл”, “Намрын ногоон өдрүүд”, “Төв нутгийн алтан намар”, “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” зэрэг 6 удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, давхардсан тоогоор 27 сумын 400 баялаг бүтээгчид 350 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 4.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Энэ удаагийн “Төв нутгийн 100 жил-Цагаан сар 2023” үзэсгэлэн худалдааг Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын тогооч нарын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой угтсан бүтээлч ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэн худалдаанд 27 сумын 270 үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн 310 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Та бүхэн сар шиний баярын ширээний чимэг болсон өнгөлөг, чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг дундын шат дамжлагагүйгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авалт хийгээрэй.