СЭЛЭНГЭ: “Өвсний үндэс” төсөл Сэлэнгэ аймагт 26 дахь удаагаа хэрэгжих гэж байна

2023-03-2 Сэлэнгэ

Япон Улсын Засгийн газраас 33 дэх жилдээ “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрөө Монгол Улсад хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн 590 дэх, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх 26 дахь төсөл болж байгаа ажээ.

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн засварын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн засварын ажил хийх аж. Тус сургуулийн хичээлийн байр олон жилийн эдэлгээний явцад цэвэр бохир усны шугамаас ус алдаж, хуучирч муудсан, угаалтуур болон суултуур эвдэрсэн зэрэг асуудал тулгарчээ. Иймээс энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус сургуулийн багш, сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцах боломж бүрдэж байгаа аж.

Энэ удаагийн батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201.890 ам.доллар буюу 684.231.715 орчим төгрөг болж байгаа юм байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.