Дархан Уул аймагт гахайн мялзан өвчин илэрчээ

2019-01-17 Дархан-Уул

Дархан сумын 2, 7 дугаар багийн хоёр өрхийн гахайд Африкийн мялзан өвчин илэрсэн нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Тиймээс тус сумын Онцгой комисс шуурхай хуралдан энэ сарын 16-30-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргажээ.

Мөн хорио цээрийн дэглэм тогтоогдсон голомтын бүсэд устгал, ариутгал хийх ажлыг энэ сарын 16-нд зохион байгуулж нийт 46 амьд гахайг устгаж, 14 үхсэн гахайны сэг зэмтэй нийлүүлэн зөөвөрлөж тусгайлан ухсан нүхэнд хийж булж шатаав.

Уг ажлыг сумын Онцгой комиссоос үүрэг чиглэл өгч удирдлагаар ханган Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Мал эмнэлгийн газар, Дархан-Ус суваг ХК, сумын Мал эмнэлгийн тасаг зэрэг байгууллагуудаас гарсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэсэн байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.