Дарханы уран бүтээлчид “Нийслэлд” 30 жилийн дараа

2018-07-30 Дархан-Уул

Урчуудын эвлэлийн ‘Арт галерей’-н үзэсгэлэнгийн танхимд ортол Дархан хотын эртний зураг угтав. Зургийг сонирхон ажвал эсгийгээр урлажээ. Мөн танхимд өнгө төгөлдөр үзэсгэлэнт эмэгтэйн ааль ялдам зураг, өнгөөр алаглах цэцэгс, аглаг талдаа налайх мал сүрэг, баатар эрсийн тулааныг дүрсэлсэн уран зураг болон мөнгөн аяга, таваг зэрэг дарханы бүтээл дэлгэсэн байв.

Дархан хот дахь “Тэнгэрийн өөд” урчуудын эвлэлийн уран бүтээлчид “Нийслэлд” үзэсгэлэн гаргаад байгаа нь энэ юм. Монголын Урчуудын эвлэлийн ‘Арт галерей’-д гарч буй уг үзэсгэлэн нь Дархан хот дахь уран бүтээлчид нийслэлийн иргэдэд 30 жилийн дараа уран бүтээлээ толилуулж буйгаараа онцлог. Үзэсгэлэнд Дархан хотын 30 гаруй уран бүтээлч 10 гаруй төрлийн бүтээлээр оролцож байна. Үүнд эсгий урлал, 80 гаруй уран зураг, дарханы алт, мөнгөн бүтээл багтжээ. Үзэсгэлэн наймдугаар сарын 6-ныг хүртэл сонирхсон хүн бүтэнд нээлттэй байх юм байна.

Сонирхуулахад, Дархан хотын Урчуудын эвлэл байгуулагдаад 50 гаруй жил болж байгаа аж. Гэвч энэ хугацаанд эвлэл бараг тараад байсан гэнэ. Харин 2010 оноос эвлэл дахин сэргэж, 70 гаруй гишүүнтэйгээр дахин байгуулагдаж, хоёр дахь удаагаа нийслэлд үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ юм.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.