” Гүн найрагч Сэдбазарын Лувсандондов” номын нээлт боллоо

2020-10-12 Ховд

Ховд их сургуулийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Дашзэвэгийн Өрнөхдэлгэр “Гүн найрагч Сэдбазарын Лувсандондов” номоо туурвижээ.

Тус номонд 19 дүгээр зууны үеийн соён гэгээрүүлэгч, Монголын сонгодог уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг болох С.Лувсандондовын намтар, уран бүтээлийн онцлогийг шингээсэн аж. Мөн түүний үзэл бодол, ажил үйлстэй холбоотой түүх, дурсамжууд энэхүү номонд багтжээ.

Номын нээлтийн үеэр зохиогч, дэд профессор Д.Өрнөхдэлгэр хэлэхдээ: “20 жилийн судалгаа, шинжилгээний үр дүнг шингээсэн дөрвөн бүлэг бүхий тус бүтээл өнөөдрөөс эхлэн уншигчдын хүртээл болсонд баяртай байна” гэв.

Нээлтэд Ховд их сургуулийн захирал Б.Нямдорж, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, тус сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд, тэнхимийн хамт олон болон түүний гэр бүлийнхэн хүрэлцэн иржээ.

Ташрамд, С.Лувсандондов бол улс төр нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан төдийгүй, уран бүтээлч, авьяаслаг яруу найрагч байв.

Тэрээр 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеийн Монгол орны нийгмийн олон асуудалд шүүмжлэлтэй хандаж, түүнийгээ шүлэг, зохиол бүтээлдээ шингээсэн. Мөн иргэдийг соён гэгээрүүлж, мал сүрэг, байгалийн баялгаа эзэн хүний ёсоор хайрлан хамгаалж улс орноо урагш хөгжүүлье гэсэн дэвшилтэт санааг шүлэг, дуугаар илэрхийлж байсан гэж судлаачид онцлов.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.