“Боловсролыг шинэчлэх”зөвлөгөөн “Ховд” их сургуулийг түшиглэн зохион байгуулагдав

2018-05-17 Ховд

Энэ сарын 10-аас 14-ны өдрүүдэд БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-БАГШИЙН ХӨГЖИЛ”сэдэвт бүс нутгийн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн онол практикийн бага хурал Ховд аймагт зохион байгуулагдав. Баруун бүсийн ууган их сургууль, Ховд их сургуулийг түшиглэн явагдсан энэ үйл ажиллагааг анх 2008 онд Ховд их сургуулийн 30 жилийн ойгоор тус сургуулийн эрдэмтэн багш нар санаачилж байжээ. Тухайн үед “Баруун бүсийн мэргэжлийн боловсролын тулгамдсан асуудлууд”сэдэвт анхдугаар хурлыг Ховд их сургууль дээр зохион байгуулж байсан түүхтэй аж.
Хурлын талаар зохион байгуулагчдаас тодруулбал “энэ үйл ажиллагаа жил ирэх тусам цар хүрээгээ тэлж, бүсийн сургуулиудаар зогсохгүй Монгол улс дахь орон нутгийн бүх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамрагдах болсон. Өдгөө зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад БСШУСЯ, Дээд боловсролын шинэчлэл төсөл, Ховд их сургууль хамтран зохион байгуулж, Монголын Их, Дээд Сургуулиудын консерциум, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /БМИҮЗ/, мөн бүсийн зөвлөлүүд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд оролцож, хамтран ажилласныг тодотгосон.
Хурлаар багшийн хөгжил, дээд боловсролын сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар зөвлөлдөж, харилцан туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд БСШУС-ын  Сайд болон холбогдох албан тушаалтнууд, БМИҮЗ-ийн, болон Боловсролын шинэчлэл төслийн мэргэжилтнүүд, МУИС, МУБИС, ХААИС, Монгол улсын Үндэсний их сургууль,ИРИМ судалгааны хүрээлэн, Дархан уул аймаг дахь ХААИС-ийн салбар сургууль, ШТҮИС-ийн салбар сургууль, АШУҮИС-ийн салбар сургууль, Говь-Алтай аймаг дахь АШУҮС-ийн салбар сургууль, МУБИС-ийн Архангайн багшийн сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургууль, Дархан дээд сургууль, Боловсролын Үнэлгээний төв, Хөдөлмөр, Нийгмийн харилцааны дээд сургууль, БНСУ-ын Чангвоны Улсын их сургуулийн төлөөллүүд оролцож, бодлогын болон эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүйн шинж чанартай нийт 40 гаруй илтгэл хэлэлцэгдсэн юм.
Энэхүү хурлаас хүлээгдэж буй гол үр дүн нь орон нутгийн дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд багшийнх өгжлийн чиглэлээр сайн туршлага, аргазүй нэвтэрч, боловсролын чанарыг дээшлүүлэх явдал. Тэрбээр хэлэлцэгдсэн илтгэл, үг хэлсэн хүмүүсийн санал онолуудыг авч үзвэл анхаарч, үзүүштэй, дэлгэрүүлэн судлууштэй ажил хэрэг болгууштай, бүүр цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай зүйлүүд олон байсан бөгөөд холбогдох төрийн болон салбарын байгууллагууд тэдгээрийг тусган авч, мөрөөр нь эрчимтэй шуурхай ажиллах эсэхээс эцсийн үр дүн нь шалтгаална.

Г.Төрмөнх

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.