Арвайхээр сум “Улсын аварга малчин”-тай боллоо

Арвайхээр сумын 7 дугаар багийн иргэн Ч.Авирмэд “Улсын аварга малчин”-ы болзол хангаж, өнөөдөр шагналаа гардан авлаа. Тэрбээр мал аж ахуйн салбарт тасралтгүй 28 жил ажиллаж, 2002 онд “Сумын сайн малчин”, 2004 онд “Аймгийн сайн малчин”, 2007 онд “Мянгат малчин” болж байжээ.

2014 оноос эхлэн 8 өрх бүхий “Малчдын аравтын бүлэг”-ийг үүсгэн байгуулж, малын ашиг шимийг боловсруулах, зах зээлд борлуулах, хүнсний ногоо, малын тэжээл, мод бут тарихад хүчээ нэгтгэж эхэлсэн байна. Өнгөрөгч онд 3 га газарт ногоон тэжээл тарьж, 4 га газраас өвс хадлангаа бэлтгэжээ.

Ч.Авирмэд сум, орон нутгаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцон хандив, дэмжлэг үзүүлдэг, сайн үйлсийн аянд хамрагддаг манлайлагч малчин агаад Арвайхээр сумын 100 гаруй залуу малчныг хамруулсан зөвлөгөөнийг өөрийн хотондоо зохион байгуулсан, улсын тэргүүний малчдын зөвлөгөөнд болон аймаг, сум, улсын залуу малчдын чуулга уулзалтад дөрвөн удаа оролцсоныг баг хороны удирдлагаас онцоллоо.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.