“Хужирт рашаан сувилал”-ыг шүүхэд өгчээ


Хужирт сумын Засаг даргын зүгээс “Хужирт рашаан сувилал”-ыг Хархорин сум дахь Сум дундын шүүхэд өгч, нэхэмжлэл гаргасан байна.

“Хужирт рашаан сувилал” ХХК нь хойд хэсэгтээ 0.56 га газрыг зөвшөөрөлгүй сунгаж, баруун, баруун урд хэсэгт буюу шаврын орд бүхий газарт 2.51 га газрыг илүү хашаалсан гэх маргаан үүсжээ. Харин ГХБХБГ-ын гаргасан дүгнэлтээр эзэмшил газрын хэмжээг дур мэдэн хэтрүүлэн сунгасан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заагдсан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн “Элма Хужирт” ХХК, “Ананд хужирт” ХХК, “Сэмжид хужирт” ХХК-д илүү хашаалсан газрыг чөлөөлөх хугацаатай албан мэдэгдэл хүргүүлжээ.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 19 дүгээр тогтоолоор “Хужирт рашаан сувилал” ХХК-ийн хойд хэсэгт зөвшөөрөлгүй сунгасан 0,56 га газрыг өөрийнх эзэмшилд нь өгч, шаврын орд газарт илүү хашаалсан 2,51 га газрыг орон нутгийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан байна. Энэ дагуу сумын ИТХ-ын 2018 оны 7/08 дугаар тогтоол гарч, “Хужирт тур” ХХК, “Хужирт рашаан сувилал” ХХК, “Жем хужирт” ХХК-тай холбоотой газар эзэмшлийн зөрчлийг нягтлан шалгасан юм.

Гэвч “Хужирт рашаан сувилал” ХХК нь гурван удаагийн албан тоотыг авсан боловч хэрэгжүүлээгүй тул Хархорин сум дахь Сум дундын шүүхэд албан бичгээр хүргүүлэн нэхэмжлэл гаргасан байна.

“Хужирт рашаан сувилал” ХХК-ийн захирал Г.Энхжаргал хэлэхдээ “Бид илүү газар хашаалаагүй. Аль тавин хэдэн онд барьсан хашаа тэр хэвэндээ л байгаа. Хашаа эвдрээд хамгаалалтын бүс рүү мал, амьтан орох магадлалтай байгаа учраас гадуур нь шинэ хашаа барьсан” гэж байлаа. Гэвч газар хэмждэг GPS багаж нь илүү нарийвчлалтай заадаг болсоноор газрын ийм зөрүү гарсан гэдгийг аймгийн ГХБХБГ-аас мэдээлж байв.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.