Завхан аймагт олон тооны усны шувуу үхжээ

2019-09-5 Завхан

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуурын усанд  бор галуу, цахлай, алаг нугас гэх мэт  16 зүйлийн 1521 усны шувуу үхжээ. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байна гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. 

Мэдээллийн дагуу ажлын хэсэг  болох Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 3, Мал эмнэлэг үржлийн газрын 1, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 9, нийт 22 алба хаагч, 5 автомашинтайгаар есдүгээр сарын 1-ний өдрөөс тухайн газарт ажиллаж байгаа аж. Тухайн өдөр үхсэн шувуу болон хөрс, уснаас дээж авч УМЭАЦТЛ-д энэ мягмар гарагт шинжилгээнд өгч үхсэн шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр урьдчилсан шинжилгээний хариугаар гоц халдварт өвчний нян илрээгүй тул эсийн шинжилгээ хийх зорилгоор дээж ургуулж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ядамжав мэдээлжээ. Эсийн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.