Хэнтий аймгийн хүн амын осол гэмтлийн өвчлөл дотор бага насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл 26, нас баралтын 23.2 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн өвчлөлийг төрлөөр авч үзвэл зам тээврийн осол гэмтэл, түлэгдэлт, мөчдийн хугарал болон хүүхэд аргамжаандаа боох, хөхөөр дарах зэрэг тохиолдлууд зонхилж байна.
Ахуйн осол гэмтэл дотор 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт зонхилж байна. 2016 онд аймгийн хэмжээнд 77 хүүхэд түлэгдсэн бөгөөд 49 тохиолдол нь 0-5 хүртэлх насны, 21 тохиолдол нь 5-14 насны, долоон тохиолдол нь 15-19 хүртэлх насныхан байна. Энэ нь эцэг, эхийн хараа хамгаалалт сул, анхаарал болгоомжгүй байдлын улмаас бага насны хүүхдүүд буцалсан халуун ус, цай, хоол, сүү болон гэрийн зууханд түлэгдэх тохиолдлууд бүртгэгдээд байгаа бөгөөд нийт тохиолдлын 80-с дээш хувь нь гэртээ түлэгдэж байна.
Иймд 0-5 хүртэлх насны хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, эрсдэлт орчин нөхцлийг бууруулахын тулд эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хараа хяналтыг сайжруулах, түлэгдэлтийн үеийн анхны тусламжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Аймгийн ИТХурлын даргаар батлуулсан “Хүүхдийн түлэгдэлт – Эцэг, эхийн хариуцлагаас” аяныг өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.