“Хэнтий Аймгийн Нутгийн Зөвлөл”-өөс санаачлан өнгөрөгч оны 11 сараас эхэлсэн “Малчиддаа туслая” аяны хүрээнд цугласан мөнгийг 100тн өвс, 5 тн тэжээл болгон сумандаа хүргэх шатахууны зардал, өөрсдийн гараар оёсон нэмнээ, төлийн уут, бээлий, лаа, шүдэнз, цай, дэнлүү зэргийн хамт тус аймгийн Онцгой Байдлын Газраас өгсөн цаг үеийн мэдээллийн дагуу өвөлжилт хүндрэлтэй байгаа 14 сум, тосгодод хүлээлгэн өглөө.
Гурван сар үргэлжилсэн уг аяныг дэмжин нутаг орон, малчин түмнийхээ төлөө нутгийн уугуул суугуул иргэд, Улаанбаатар хотод суугаа Хэнтийчүүд, сэтгэл нэгт Монгол ахан дүүс, олон улсын байгууллагынхан зэрэг олон хүмүүс гар бие оролцжээ.
Мөн Хан Хэнтийн урлаг соёлын алдартнууд нэгдэж, Улаанбаатар хотноо энэ сарын хоёрны өдөр “Зүрхний хайртай нутаг” хандивын тоглолт зохион байгуулсан юм.
Ингээд малчин түмнийхээ төлөө Монгол бөхийн өргөө дүүрэн цугласан үзэгч олон, аяныг дэмжиж хандив өргөсөн хүн бүхний сэтгэлийн дэмээр бүтсэн тусламжаа энэ сарын 12-ны өдөр сумдад гардуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд Хэнтий Аймгийн Нутгийн Зөвлөлийн Бодлогын зөвлөлийн дарга, Монгол улсын батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр, Нутгийн зөвлөлийн дэд дарга Д.Амгаланбаатар болон бусад тэргүүлэгчид гишүүдийн хамт оролцов.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.