Төсвийн тэнцвэргүй байдал ба эдийн засагт “улаан гэрэл” асах нь…

2 цагийн өмнө slider

Найр наадам, зугаа цэнгээнд автсан налгар өдрүүд үргэлжлэх эл зуур улсын төсвийн хагас жилийн алдагдал 2.1 их наядаар хэмжигдэж, шинэ Ерөнхий сайдын тактик сорилттой тулгарах бодит байдал үүсэв. УИХ-аас 2026 оны улсын төсвийг батлахдаа орлогыг 31.9 их наяд, зарлагыг 32.9 их наяд төгрөг байхаар тооцож, оны эцэст 1 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр анх төлөвлөсөн билээ. Гэвч өдөр ирэх тусам нэмэгдсэн төсвийн дутагдал оны эхний хоёр сард аль хэдийнэ тодорхой болж, өнгөрсөн хагас жилийн байдлаар урьдчилсан тооцоог хол давж 2.1 их наяд төгрөгт хүрлээ.

Энэхүү үзүүлэлт нь жилийн нийт хүлээгдэж байсан алдагдлын хэмжээг ердөө зургаан сарын дотор хоёр дахин нэмэгдүүлсэн ноцтой үзүүлэлт юм. Гуравдугаар сард шинээр томилогдсон Ерөнхий сайдын зүгээс улс төрийн болон бүтцийн шалтгаанаар төсвийн тодотгол хийхээс тасралтгүй зайлсхийж ирсэн нь өнөөдрийн энэ том тоонд хүргэх нэгэн хөшүүрэг болсон гэдгийг эл хүрээнийхэн шивэр авир хийх болов.

Нөгөөтэйгүүр, төсвийн орлого ийнхүү тасрах болсон гол шалтгаан нь уул уурхайн түүхий эдийн экспорт, тэр дундаа нүүрсний борлуулалт дэлхийн зах зээлийн үнийн савлагаанаас шалтгаалж төлөвлөсөн хэмжээнд хүрч чадаагүйтэй шууд холбоотой. Үүнээс гадна дотоодын худалдаа, үйлчилгээний салбарын татварын хураамж унасан нь орлогын баазыг хумив.

Эсрэгээрээ, өнгөрсөн оны сүүлээр амласан багш, эмч нарын цалингийн нэмэгдэл болон нийгмийн халамжийн зардлууд нь төсвийн зарлагыг үлэмж хэмжээгээр тэлж, санхүүгийн сахилга батыг алдагдуулсан байна. Энэхүү 2.1 их наяд төгрөгийн алдагдал нь макро эдийн засагт гинжин хэлхээ бүхий сөрөг үр дагаврыг авчирч байна. Төсвийн цоорхойг нөхөхийн тулд Засгийн газар дотоодын зах зээлээс өндөр хүүтэй зээл авах эсвэл гадаад өрийг нэмэгдүүлэх замаар бонд босгохоос өөр сонголтгүй болж байгаа юм. Энэ нь улсын өрийн дарамтыг улам хүндрүүлээд зогсохгүй, хувийн хэвшилд очих ёстой зээлийн эх үүсвэрийг төр өөрөө шингээж, бизнесийн идэвхжлийг боомилох эрсдэлийг дагуулдаг. Мөн зардлаа танахын тулд 2026 оны сүүлийн хагаст хийгдэхээр төлөвлөгдсөн дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон чухал хөрөнгө оруулалтын ажлыг царцаахаас аргагүйд хүрлээ.

Хамгийн аюултай нь энэхүү төсвийн тэнцвэргүй байдал иргэдийн халаас, өдөр тутмын амьжиргаанд хүнд тусах явдал юм. Хэтэрсэн зарлагыг санхүүжүүлэхийн тулд зах зээлд мөнгө нийлүүлэх нь инфляцыг хөөрөгдөж, төгрөгийн худалдан авах чадварыг сулруулна. Ханшийн сулрал нь импортын барааны үнийг шууд өсгөж, иргэдийн бодит орлогыг үнэгүйдүүлдэг. Өнөөдөр шинэ Ерөнхий сайдын баг төсвийн тодотгол хийхгүй хэмээн цааргалж байгаа ч төрийн үрэлгэн зардлыг хумих, татварын далд орлогыг ил болгох зэрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол эдийн засаг гүнзгий хямралын ангал руу гулсахад ойрхон байна.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.