Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 34.905 иргэн гарын үсэг зуржээ

10 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

Иргэн Г.Доржтүвдэн Ерөнхий сайдыг огцруулах нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй хэмээн үзэж, https://www.uih.mn/ сайтад өргөдөл үүсгэжээ.

Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үндэслэлдээ:

-Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөн. Тухайлбал, шатахууны үнэ, мах, гурил, сүү зэрэг үндсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 2023–2025 онд тогтмол нэмэгдсэн.

-Ажилгүйдэл, ядуурал буураагүй. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг өсгөнө гэж амласан ч, ялангуяа хөдөө орон нутаг, дунд орлоготой өрхүүдийн орлого нэмэгдээгүй. НҮБ-ын болон ҮСХ-ны судалгаагаар ядуурлын түвшин 27% орчимд тогтож байна.

-Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус байна. 2025 оны улсын төсөв 29.6 их наяд төгрөг болсон нь өмнөх оноос 30%-аар өссөн хэдий ч төсвийн зарцуулалт ил тод биш байна. Хуулийн дагуу ЗГ УИХ-ын өмнө ажлаа тайлагнах үүрэгтэй ч олон нийтэд болон парламентад зориулсан ЗГ-ын тайлангууд тодорхой бус, бөгөөд ЕС гишүүдийн асуултад бүрэн дүүрэн хариулт өгдөггүй. Түүнчлэн хамтарсан засгийн газар 2024 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа биелүүлж татвар бууруулаагүй.

-Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан. Хамтарсан засгийн газар нь Парламентын хяналтыг сулруулж нь иргэдийн сонголтыг гажуудуулж улмаар парламентын хяналт тэнцэлийг алдагдуулсан.

-Ардчилалын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн. “DEMOCRACY REPORT 2025” тайланд дурдсанаар 2024 оны байдлаар 45 орон автократ дэглэмд шилжиж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Монгол улс юм. Түүнчлэн манай улсын хувьд “Сонгуулийн автократ” буюу “Electoral Autocracy” ангилалд багтсан бөгөөд V-Dem-ийн мэдээллээр энэ ангилалд орсон улсууд нь “Сонгуулийн ардчилал” буюу “electoral democracy”-ийн хамгийн анхдагч шаардлагыг хангахгүй болсон гэж дүгнэсэн юм.

-Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан. Олон нийтийг санаатайгаар талцуулах, хагаралдуулах зорилготой зохион байгуулалттай худал мэдээлэл түгээх болсон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг ижил агуулгатай, Засгийн газрыг магтсан мэдээлэл системтэйгээр цацагдсан. 2024 оны байдлаар 2 сэтгүүлчийг цагдан хорьсон, Үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн “Ноорог медиа” болон бусад хүмүүсийг цагдаагийн байгууллагаас дуудан шалгах, дарамтлах айлган сүрдүүлэх үйлдэл удаа дараа гарсан. Улмаар Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө хумигдсан.

-УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан гэж олон нийт, улс төрийн хүрээнд хүчтэй шүүмжлэл дагуулсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй. Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хүү, түүний найз бүсгүйн хэрэглээ нь албан ёсны орлоготой нийцэхгүй байгаа зэрэг нь Ерөнхий Сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байна.

Тэгвэл иргэн Г.Доржтүвдэнийн санаачилсан өргөдөлд одоогийн байдлаар 34.905 хүн гарын үсэг зурж, дэмжээд байна.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.