Дэлхийд, зөвхөн Монголд байдаг бөхөнг хамгаалах, түүний эвэр зэрэг эд эрхтнийг худалдаалах гэмт хэргийг бууруулахад Завхан аймаг онцгой анхаарч ажиллана.
Монгол бөхөнг амьтны ангийн хуульд нэн ховор амьтнаар, дэлхийн улаан ном, Зэрлэг амьтан, ургамал худалдаалах тухай олон улсын конвенцид хавсралтаар, мөн дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад оруулж, өндөр статусаар хамгаалсан.
Хуулиар агнахыг хориглодог. Монгол бөхөнд тулгараад байгаа томоохон аюул занал бол хууль бус агнуур юм. Эр бөхөнгийн эврийг дорно дахины анагаах ухаанд хэрэглэх зорилгоор хууль бусаар агнадаг байна. Зөвхөн эр бөхөнд эвэр ургадаг. Эврийг нь түүж агнана гэдэг тухайн сүргийн бүтцийг алдагдуулах, шаргачин сувайрах эрсдэлийг бий болгож байгаа аж. Хууль бусаар ан хийсэн тохиолдолд экологийн эдийн засгийн үнэлгээгээр хуулийн дагуу шийтгэл хүлээлгэдэг.
Бөхөнг хамгаалахад бүх талын оролцоог хангана
Бөхөнгийн эвэр цуглуулах болон худалдаалах асуудлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх замаар хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах нь төсөл хэрэгжиж байна.
Энэ төслийн нээлт энэ сарын 9-ний өдөр Ховд аймагт болсон бөгөөд, төслийн багийнхан Завхан аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Тамир болон зөвлөлийн гишүүдэд төслийн зорилгыг танилцуулах уулзалтыг хийжээ.
Төсөл нь Монгол Улс дахь бөхөнгийн эврийг олж авах, худалдаалах үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн хууль, бодлогын хэрэгжилтийг нотолгоонд суурилсан хандлагаар дэмжих, сайжруулах зорилготой.
Уг төсөл нь 2023-2025 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд гурван зорилтыг дэвшүүлжээ.
Үүнд бөхөнгийн эвэр болон түүний худалдаалах цар хүрээг улсын хэмжээнд тодорхойлох. Асуудалд чиглэсэн, нотлох баримтад тулгуурласан цагдаагийн үйл ажиллагааны загвар, урьдчилан сэргийлэх онолыг хууль сахиулах байгууллагад нэвтрүүлж, гэмт хэрэг үйлдэгчдийг гэмт хэргээ үргэлжлүүлэх сэдлийг бууруулах. Хураагдсан бөхөнгийн эвэр, эд эрхтнийг хадгалах, устгах, нотлох баримттай харьцах менежментийг сайжруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх аж.
Завхан аймгийн тухайд бөхөнгийн эвэр цуглуулах болон худалдаалах асуудлыг холбогдох бүх шатны мэргэжлийн байгууллагууд хамтран таслан зогсоох зорилгоор төсөлтэй хамтран ажиллах юм. Юун түрүүнд бөхөнгийн талаарх хууль эрх зүйн зүйл заалтуудыг иргэдэд сурталчлах, ялангуяа цахим орчин болон олон нийтийн сүлжээнд энэ төрлийн зар, сурталчилгааг хянах, мөрдөх ажлыг зохион байгуулах юм. Түүнчлэн бөхөнгийн идээшиж буй нутаг, амьдрах орчныг сайжруулах, халдварт өвчний эрсдэлийг бууруулах, тухайн зүйл амьтны нүүдлийн замыг чөлөөтэй байлгах, хамгаалахад байгаль орчны болон бусад мэргэжлийн байгууллагуудын оролцоо хамтын ажиллагааг сайжруулахаар боллоо гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Сүүлийн жилүүдэд монгол бөхөнгийн тоо толгой өсөж 13 мянгад хүрсэн тухай судалгаа гарчээ. Одоогоор монгол бөхөнгийн тархацын 60 орчим хувь нь Говь-Алтай аймагт байдаг бол 40-өөд хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт байна. Мөн Увс, Завхан аймгийн нутгаар бөхөн нутагшиж байгаа юм. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд бөхөн 2010 оноос эхлэн үзэгдэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар тоо толгой нь 200 гаруй болоод байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч 2022 онд тооллого судалгааг хийжээ. Хээрийн судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой хамгийн багадаа 13,925 байгааг тогтоожээ.
Судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийсэн байна.
Мэргэжилтнүүдийн ярьснаар тооллогын үед өвчтэй болон үхсэн монгол бөхөн таараагүй ажээ. Хамгаалал сайжирч, тоо толгой өсөхийн хэрээр монгол бөхөн тархац нутгаа тэлж байна.
Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой бага хэмжээгээр өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш юм. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон, үүнээс шалтгаалж амархан хорогддог эмзэг амьтан.
2014 оны байдлаар 15 мянган монгол бөхөн байв. Харамсалтай нь, 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчин, зудын улмаас монгол бөхөн нэг дор олон мянгаараа хорогдож ердөө 3000 гаруй болж байсан “гашуун түүх” бий.
Тиймээс бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяци үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм. Түүнчлэн бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм гэж судлаачид үзэж байна.
Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний амьтан аж.
Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтны нэг юм. Дэлхий дээр монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс монгол бөхөн нь зөвхөн манайд байдаг, өөр хаана ч байхгүй нэн ховор амьтан.
Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг хангадаг чухал амьтан. Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог юм гэж Завхан аймгийн БОАЖГ-аас нэмж мэдээлэв.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.