Дархан-Уул аймаг энэ онд 16 100 га талбайд тариалалт хийнэ

2017-05-22 Дархан-Уул
Зураг

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дархан-Уул аймгийн Хонгор сумын Газар Өгөөж компанийн хаврын тариалалтын явцтай танилцлаа.
Тус компани нь нийт 7300 га талбай эзэмшдэг бөгөөд энэ онд 4500 га-д улаанбуудай тариалахаар ажиллаж байгаа аж. Одоогоор тариалалтын явц 80 гаруй хувьтай байгааг Газар Өгөөж компанийн удирдлагууд танилцуулав.
Энэ үеэр ярьсан гол асуудал нь хөрс арчилгаа байв. Тариаланчид арвин ургац авахын тулд хөрсөө нэн тэргүүнд анхаарах ёстой юм. Тиймээс “Газар Өгөөж” компани 2015 онд ХААИС-иар эзэмшил талбайдаа шинжилгээ хийлгэж, дутагдаж  буй эрдэс бодисоор нь бордох, сэлгэн тариалалт хийх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Энэ үеэр ХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, “Монгол, БНХАУ хөрс арчилгааны чиглэлд хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд хөрс арчилгаа, шинжилгээний хамтарсан лаборатори байгуулах юм” гэлээ.

Дархан-Уул аймаг энэ онд 16 100 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн байна. Одоогоор 76.2 хувьтай байгаа аж. 13-14 хоногийн дотор тариалалтыг 100 хувьд хүргэнэ гэдгийг тус аймгийн Засаг дарга С.Насанбат танилцуулав.
Мөн үеэр Хатуу төмөр, Цайдам өгөөж компанийн удирдлагууд Ерөнхий сайдтай уулзаж, тэжээлийн ургамал тариалалт, борлуулалтад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “Төрийн зүгээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. ХААХҮЯ-ны зүгээс гаднаас өндөр ашиг шимтэй үхэр оруулж ирэхээр ажиллаж байна. Мал аж ахуй болон газар тариалангаа хамтад нь хөгжүүлэх хэрэгтэй. Нүүдлийн мал аж ахуйтай манайх шиг хадлан авдаг улсад тэжээлийн ургамал тариалалт үр дүнгээ өгөхгүй” гэлээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.