Эрүү шүүлттэй холбоотой 33 гомдлыг АТГ-т шилжүүлжээ

2019-06-6 Мэдээ, мэдээлэл

 

Эрүү шүүлттэй холбоотой 33 гомдлыг АТГ-т шилжүүлжээ.
Тодруулбал, улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас өгсөн үүргийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс хамтран улсын хэмжээнд хорих ял эдлүүлэх, сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ажиллагааны хууль зүйн үндэслэл, хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн аливаа хэрэг, зөрчил гарсан эсэхийг шалгаж дууслаа.

Шалгалтын явцад цагдан хоригдож байсан 1039 хүн, 2547 хоригдолтой уулзан санал хүсэлтийг нь авсанаас гадна ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан 64 хүнтэй уулзаж, эрх бүхий байгууллагын мөрдөгч, хорих ангийн ажилтан нар айлган сүрдүүлсэн, хэл амаар доромжилсон, дарамталсан, хүч хэрэглэж, биед халдсан, баривчлах болон цагдан хорих хугацааг хэтрүүлсэн зэрэг сэтгэл санааны бие махбодын эрүү шүүлт тулгасан гэх 33 гомдол гаргасныг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна. Мөн шалгалтаар сэжигтнийг баривчлах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, цагдан хорих байрны өрөө шаардлага хангахгүй байгаа хэд хэдэн зөрчил илэрчээ.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан шалгалтын дүнтэй холбогдуулан нэгж прокурорын газруудад албан даалгавар өгч, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ахлуулсан Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Зөвлөлийг шинээр байгуулж, Прокурорын байгууллагын хэмжээнд “1800-1919” дугаараар, орон нутагт тусгай дугаарын утсаар эрүүдэн шүүхтэй холбоотой мэдээллийг хүлээн авах ажлыг тогтмол явуулахаар шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.