Ален Арман “ҮРГЭЛЖ ХОРИН ТАВТ”

2021-02-3 Амрах агшин

“Хэрэв намар болдоггүй байсан бол ямар сайхан бол тийм ээ, ээж ээ?”

Тосгоны бусад айлуудаас арай зайдуу гол замын дэргэд орших бор шаазан дээвэртэй том дүнзэн байшингийн, далавчаа дэлгэсэн шувуудын дүрсээр хөвөөлсөн, дэлгээтэй цонхны тавцанг жоохон хүүхэд шиг хоёр гараараа дэрлээд, үл мэдэг хүйт шингэсэн сэр сэр салхинд дэрвэх сүлжмэл цагаан хөшигний завсраар тэртээ тэнгэрийн баруун хаяанд халуун орныг зорих шувуудын цувааг ширтэх Самар гүнжийг нэг л санаашрангуй ийн хэллээ. Энэ үед түрүүхэн зуухнаас гаргаж ирсэн халуун шинэхэн исгэлэн таатай үнэр нь байшингаар нэг ханхлах арвайн хөх талхан дээр элсэн чихрийн уусмал жигдхэн түрхэж байсан эхийн царай гурил түрхчихэв үү гэлтэй хувьсхийн цонхийгоод,  бүгтхэн дуу алдаж, багсаа ширээн дээр шидчихээд, гүйж ирэн, цонхоор унах шахам цухуйж, Салхин хотыг чиглэсэн өргөн дардан зам руу биш харин хойшоо гүн өтгөн ойн зүг сандран харав. Охин гоо үзэсгэлэн нь харих тийшээ хандаж буй ч эрчүүдийн өлөн байтугай цатгалан нүд хэсэгтээ зууралдах эхийнхээ хүзүүгээр тэврэн их л бах таатай шоолж хөхрөөд, хацар дээр нь шопхийтэл үнслээ.

Уруул нь ер бусын зөөлхөн бүлээн хийгээд чийгтэй, онгон залуу бөгөөд ертөнцийн бүхий л юмыг тэр дундаа амттай шимтэй бүхний бал бурмыг ханаж цадахыг мэдэхгүй амтлахыг бие сэтгэл хоёр нь тэсгэлгүй тэчъяадан, шаардан шатаж буйг нь үл мэдэг гааны үнэр сэнгэнэх тэр мөчид ойлгосон эх, охиныхоо тэврэлтээс мултран горьдлого тасарсан янзтай нүүрээ хоёр гараараа даран, муужрах мэт хана налан доошилж, шалан дээр суув.

“Ээж ээ та зүгээр үү?” хэмээн охин хайрлаж нандигнадаг бүхэн нь алсын алсад далдран бүдгэрдэг амьдралын жамыг ухаараагүйн илрэл хайнга бөгөөд ёс төдий асуух зуур, эхийн зүрхээ даран хүлээж байсан тэр л үгс сонсогдлоо.

“Gaudium magnum nunto vobis . Бурхан минь! Ээжээ хараач. Таны барьсан талхны үнэр ойн тэндээс зочин даллаад ирлээ дээ”…гэв.

Эх шалан дээр суусан хэвээр, зузаан хөх цэмбэн хормогчны хормойгоор духан дээрээ бурзайсан хөлсийг шувтраад, хөл муутай хөгшин эмгэн хөдлөхөөс ч залхуурдаг шиг охины зүг  толгойгоо аажуухан өлийлгөөд, түгшсэн янзтай,

“Тэр ямар хувцастай байна…?” гэв.

Охин юунд ч юм баяр хөөр болон инээд алдаж, хар бор ажилд нухлуулаагүй нь илт тэгшхэн уран хуруутай гараараа алсаас тэднийхийг чиглэн айсуй тэр үл таних хүн рүү саваагүйтэн даллаад, эх рүүгээ харах ч сөхөөгүй гүн давхраатай шар нүдээ үл мэдэг жартайлган,

“Тэр гэж? Тэр залуу юу? Гоё тод томоо гэгчийн улаан сарнай хатгасан цэлмэг тэнгэр шиг цэнхэр цамцтай юм. Дээр нь маргад шиг ногоон өнгийн өмдтэй гэж байгаа. Яасан ч сүрхий малгай вэ дээ…Жоохон хазгай духдуулсан нь зохиосон гэж. Та наашаа босож ирээд өөрөө хар л даа. Ямар дэгжин алхдаг эр вэ? Ай даа жаатай бөгөөд жавхаатай сүрхий залуу юм. Үгүй тэр жирвээ сахал нь урт цагаан царайнд нь юутай их сүр нэмээ вэ? Манай Салхин хотын язгууртан залуус ч мань эрийн өлмийнд нь ч хүрэхгүй дэгээ. Тээр та хар л даа. Явж байгааг нь. Яг л салхинд найгаж буй шивээ өвс шиг юутай уян бөгөөд уран сайхан биетэй вэ?”

Энэ үгийг хэлж гүйцээгүй шахам байхад эх ухасхийн босож, охиноо арагш нь огцом татан, гайхаж амаа ангайхаас нь урьтаж, цонхыг тас хийтэл хаан, хөшгийг ч мөн адил сандран татаад, үүднийхээ дэгээг бэхлэхээр гүйв.

“Бурхан минь…Ээж ээ та яаж байнаа. Зүгээр үү?” гэж охин нүдээ том болгон, эхийн сая татахдаа арай чангадуулж хурууны ор нь улайтал зурайх зүүн мөрөө илэн духаа атиралдуулан хариулт нэхэх зуур хаалга цэлсхийтэл нээгдэж, түрүүхэн охины тоочсон ёсоор хувцасласан дэгжин залуу яг л тайзан дээр явуулын циркийн жүжигчин үсрэн гарч ирэх мэт гараа дэлгэн орж ирээд, цагаан эмжээртэй том бортогон малгайгаа аван, эх охин хоёрт хүндэтгэл үзүүлэн нэн ёсорхуу мэхэсхийгээд,

“Би бол хавар. Намар бол миний дүү билээ. Хаалга тогшилгүй ороод ирснийг минь өршөөн соёрхоно уу? Алсад суугаа эцэг эх хоёроо зорьж аян замдаа алжаасан залуу эрд аяга сүү, үнэр нь арааны шүлс асгартал ханхалж буй талхнаасаа үртэсийн төдий ч болтугай хайрлах болов уу? Сайхнаас сайхан, үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд минь ээ. Тусыг тань гомдоохгүй тун ч өгөөмөр шагнана, би…” гэж гараа донжтой хөдөлгөн шүлэглэхэд, сэтгэл нь хөөрч баяссан охин алга ташин дороо үсрэн дэвхцлээ. Эх зүүн гараараа амаа даран горьдлого тасарсан нүдээр залууг нэг охиноо нэг ширтэн арагш ухарсаар хөлд нь тулсан авдран дээр өөрөө ч анзааралгүй суув. Охин хацар нь час улайж, нүд нь цог золбоотой, үгүй ээ бүр дүрэлзсэн түүдэг мэт гялалзан, тун ч өөриймсөг залуугийн гараас малгайг нь аван таг гөлийсөн эхийнхээ дэргэд авдран дээр нямбай гэгч нь тавьчихаад, гараа алдлан дэлгээд,

“Тун догь хэллээ. Та их азтай байна, ганган хээнцэр залуу минь. Талх барихад ирсэн хүн манай хамгийн хүндтэй зочин байдаг. Санаа зоволтгүй ширээнд морилогтун. Саалийн үнээ маань саяхан тугалласан. Сүү нь яг л цөцгийтэй өрөм гэсэн үг. Одоохон аягалъя. Хайртай хонгор ээжийн  минь гараа гаргаж жигнэсэн талх хэдхэн хормын дараа ходоодыг тань баярлуулах нь лавтай. Эрхэм залуу ноёнтон таалан соёрх…” гэж залууг дуурайн шүлэглээд, үйлчлэхээр яарлаа. Залуу, эхийг огт хайхарсан шинжгүй үл мэдэг толгой дохих зуур эвлэгхэн гэгч нь сандал татаж дээр нь хөлөө ачин тухлаад, охины хөдлөхийг бүжгэн жүжиг үзэж буй мэт их л урамтай ширтэнгээ гараа удирдаач шиг нааш цааш хөдөлгөн амандаа нэгэн дуу аялж эхлэв.

“Бурхан минь та бас энэ дуунд дуртай юм уу? Би ямар их дуртай бас хайртай гээч. Анхны хайр. Энэ бол гайхамшигтай дуу. Тийм биш гэж үү” хэмээн охин залуугаас харц үл салган, ширээн дээр зузаан цасан цагаан алчуур дэлгээд дээр нь талхаа үйрүүлэхгүйг хичээн зүсэх зуур асуувал, мань эр сахлаа донжтой гэгч нь имрээд жуумалзаж, охины харцаас огт дутах юмгүй шөвөг шиг хурц харцтай том хар нүдээ ирмээд,

“Тийм ээ. Хэлээд юу гэхэв. Бодвол залуу хатагтайн онгон зүрхэнд хэн нэгэн азтай ханхүү заларч байгаа буй заа. Эсвэл би буруу таамаглав уу…?” гээд охины хацар бүр минчийтлээ улайхыг анзаарсан шинжгүй өндийж, цамцныхаа энгэр дэх томоос том улаанаас улаан сарнайг үл мэдэг засаад, цонх руу очин, хөшгийг ярсхийтэл нээх зуур ганцхан түлхэж дэлгэн хаялаа. Тэгснээ “Ай даа хэрэв чи минь намайг санах л юм бол, би чамдаа нисээд л ирнэ дээ…” гэж чангаар дуулангаа өсгийн дээрээ тасхийтэл эргэн, хоёр гараа найртай гэгч нь дэлгэж, охиныг бүжиглэхийг урив.

Охин шийдсэн янзтай сайхан уртаа өтгөн шар сүлжмэл үсээ хойш нь шидэж, залуугийн гар дээр унах мэт тэврүүлээд, ханцуйгүй нимгэн даашинзны цаанаас түрэх чийрэг чанга хөхөө албаар биенд нь аль болох наалдуулан эргэлдэж эхэллээ. Эх харин одоо охиноо биш тэр залууг, алмайран гайхаж биширсэн, айж эмээсэн, за даа ер нь л хүн гэдэг амьтан харц, хөдөлгөөн байгаа бүхий л байдлаараа, “Бурхан минь, юу болоод байнаа?” гэсэн тэр л асуултыг яаж илэрхийлж чадахав, яг л тэр бүх өнгө аясаар тас ширтэн сууснаа тэр хоёрын эргэлдэхийг даган суудал дээрээ найгаж, өнөөх дууг нь ч даган аялж эхлэх нь тэр.

“Да ра да да, да ра да да…Бурхан минь тэр яг мөн байна. Яг л тэр өдөр шиг…”

Эх төрсөн цагаасаа хойш баяр хөөрөнд ийм гүн бөгөөд ухаан алдтал умбаж байхыг нь ер үзээгүй одоо бол ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн гарцаагүй яахын аргагүй мөнөөс мөн, намуухан салхинд том улаан навчис яаж эргэлдэн унадаг билээ, яг л түүн шиг бүжиглэж буй охиноо өрөвдсөн янзтай ийн шивнээд, гэнэт нэгийг санав бололтой,

“Байз, нээрэн яг мартах нь…” гэж ухасхийн ханын шүүгээгээ онгойлгож, тавиур дээрээс томоос том шилэн савтай жимсний чанамал гаргаж ирэн  эргэх зуурт, залуу эр,

“Би уг нь жимсний чанамалд маш их дуртай. Намар уйтгартай ч гэлээ амттан дэлгэрдэг хамгийн сайхан цаг…” гэж охины чихэнд шивнэхийг сонсоод, уулга алдан жимсний чанамалаа унаган хагалж орхилоо. Залуу хос бүжиглэхээ болиод, шалан дээр гүзээлзгэний чанамал хэрхэн нүүгэлтэн хөл доор нь урсан ирэхийг ширтэх зуур, залуу нэг их гунигласан дүр эсгэн уртаар санаа алдан, мөрөө хавчаад, авдран дээрх малгайгаа ямбатай гэгч нь авч, дээр нь ширхэг ч тоос хялгас байхгүй атал их л нямбай үлээн хуруугаараа энд тэнд нь хөнгөхөн гэгч нь нясалснаа толгой дээрээ духдуулаад, уруулаа үл мэдэг мурийлган,

“Хайран юм…Сайхан чанамал байж. Харамсалтай нь тэр хагарчихлаа. Бодвол дахиад байхгүй л биз дээ…” гэснээ, “баяртай” гэсэн үг байтугай үйлдэл ч үзүүлж ёсорхсонгүй, ер нь түрүүхэн орж ирсэн өнөөх соёлтой эр мөн үү гэлтэй хөндий хүйтэн царайлан гараад явчих нь тэр.

“Тийм ээ дахиад байхгүй…харамсалтай нь дахиад байхгүй…Байхгүй…Үнэхээр байхгүй…” гээд эх, юу болоод байгааг ойлгохгүй, ойлгох нь байтугай огт төсөөлөх ч үгүй, өрөөний голд хөшиж орхисон охиноо тэвэрлээ. Довжоон дээрх хөлийн чимээ тасархад охин сая сэхээ орон, эхийгээ түлхээд, залуу эрийн хойноос гүйцэхээр хар хурдаараа хаалга татах зуур, үснийх нь сүлжээс задархад түүнийгээ анзаарах ч сөхөөгүй, цөхөрсөн янзтай эргэж харан,

“Ээж ээ, ээ бурхан минь. Манайд өөр жимсний чанамал байхгүй шүү дээ…та яаж байгаа чинь энэ вэ? Тэр явчихлаа шүү дээ…” гэж уйлан дуугараад гүйн гарлаа.

Эх охиныхоо ардаас ч биш, шалан дээр урсах жимсний чанамал руу ч биш ер нь хаа нэг зүг рүү аль нэг юмыг биш зөвхөн нүд нь л нээлттэй учраас ямар нэгэн зүйлийг ширтэж буй мэт харагдах, угтаа бол яг л унтаа хүн шиг хоосон чиггүй гөлийж,

“Гүйцэхгүй ээ, охин минь. Эмээ чинь ч, бас ээж нь ч гүйцээгүй юм. Тэр үргэлж 25 – тай байдаг. Тэр хэзээ ч хөгширдөггүй, яг л ийм гоё сайхан хэвээрээ байдаг. Яагаад тийм юм бол, бүү мэд. Хэн ч түүнийг хаанаас ирдэгийг мэдэхгүй. Ээжийг нь чам шиг байхад, эмээ чинь хөх арвайн талх жигнэсэн яг л ийм намрын өдөр тэр бас ороод ирсэн. Тэгээд биднийг бүжиглэж байхад эмээ чинь чанамал хагалчихаж билээ. Тэр бас л яг саяных шиг үг дуугүй гараад явсан. Тэгсэн би бас хагалчихдаг байна шүү. Бурхан минь охин минь ээжийгээ уучил. Чи минь түүнийг гүйцэхгүй ээ, дахиж хэзээ ч олж харахгүй… Түүнийг хаашаа явсныг, хаанаас ирдгийг ээж нь даанч мэдэхгүй… Үнэхээр мэдэхгүй, уучлаарай…” гэж үүлгэр хүн шиг бувтнаж сууснаа, ширээн дээр залуугийн энгэрээс санамсаргүй хаягдаж хоцорсон өнөөх томоо гэгчийн сарнайг аван үнэрлэтэл, тэр цэцэг харсаар байтал илт нүдэн дээр сайхан час улаан өнгө нь шатаж дуусах мэт утаа шиг л замхарч, зуухны ёроолд бургих үнс гэлтэй үлбэн саарал болох нь тэр. Эх огтхон ч гайхаж цочирдсонгүй үл мэдэг мушилзаад, авдарнаас гэр бүлийн зургийн цомог гаргаж ирэн нээвэл, тэнд өнөөх сарнайтай ихэр мэт ижилхэн том бөгөөд орог саарал хоёр сарнайг нямбай гэгч нь хатаамал болгон хавчуулсан байлаа.

Эхийг гуравдахь сарнайг цомгийн завсар болгоомжтой хавчуулж ахуйд охин гадаа хүүшлэх намрын өлбөн салхинд дэрвэх хормой хийгээд хатсан навчис зүүгдэн тоглох  үсээ ч янзлах сөхөөгүй, зүг зүг тийш залууг хайн саравчилсаар…

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.