
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулан авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргалаа. Боловсролын салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь нэмэгдэл авдаг. Ингэснээр гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа.
Үйлдвэрчний эвлэлтэй маш муу хэлэлцээр хийсэн. Хувьсах зардлын тогтолцоог эвдрээд байсан. Нэгдүгээр сарын 1-нээс цалингийн ойлгомжгүй тогтолцоонд шилжсэнээр хувьсах зардалд багтдаг багшийн цалин, сургуулийн хөгжлийн зардалд өгдөг 90/10 гэсэн харьцааг өөрчилж, 100 хувь цалин, урсгалыг санхүүжүүлдэг болгон эвдсэн. Иймээс Засгийн газраар хувьсах зардлын шинэ тогтолцоог батлууллаа. Үүнд үндэслэж багш нарынхаа нэмэгдсэн цалингаас нэмэгдлийг тооцох шийдвэрийг гаргасан.
Цаашид багш нарын цалин ярихгүй. Манай салбар үр дүн гүйцэтгэл суурилсан хувьсах зардлын тогтолцоонд шилжсэн салбар учраас цаашид хувьсах зардлын нэмэгдэл гэж явна. Хувьсах зардал нэмэгдсэн тохиолдолд цалин нэмэгдэж явна. Энэ жил СӨБ-ийн шинэчлэл эхэлж байгаа. Мөн нэг хоёрдугаар ангийн хөтөлбөрийн шинэчлэл хийгдэнэ.
Энэ хөтөлбөрийн шинэчлэлээр хүүхдэд гурван ур чадвар олгоно. Өнөөдөр Монгол Улсад багш бэлтгэж байгаа тогтолцоо хоцорсон байна. Иймээс багш бэлтгэх багшийг дэмжих гурав тулгуурт бодлогыг бас зарлаж байна. Сайн сургууль сайн багш, сайн хөтөлбөртэй байх ёстой. Мөн хуурамч дүнгийн тогтолцоог халах ажил хийгдэж байгаа. Хүүхдийг дүн тавьж хооронд уралдуулдаг биш хүүхэд өөрийнхөө ахиц дэвшлээр дүнгээ тавиулдаг. Багш нар ур чадвараар үнэлгээг хийлгэдэг. Сургууль гүйцэтгэлээр үнэлгээ хийлгэдэг тогтолцоонд шилжинэ” гэв.
1 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-04-20
2026-04-17
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.