Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Ерөнхий боловсролын сургуулиудад “Цэрэгжилтийн хичээл”-ийг сэргээж, оруулна

2026-03-11 Мэдээ мэдээлэл

 

Батлан хамгаалахын сайд Д.Батлут үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотойгоор салбар яамнаас ямар арга хэмжээ авч ажиллах талаараа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Цэрэгжилтийн хичээлийг сэргээнэ. Хүчтэй нь сул доройгоо дээрэлхдэг биш, харин хүчтэй нь сул доройгоо хамгаалдаг нийгмийг бид цогцлоох ёстой. Тиймээс Батлан хамгаалах яамнаас ерөнхий боловсролын сургуулиудад “Цэрэгжилтийн хичээл”-ийг сэргээж, түүгээр дамжуулан өөрийгөө болон бусдыг хамгаалах эр зоригтой, үнэний талд зогсох чадвартай иргэнийг бэлтгэх чиглэлд хөтөлбөрийг боловсруулна.

Цэрэгжилтийн хичээлийг сэргээснээр нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэх цэргийн нөхөрлөлийн зарчмаар “бүлэглэж дээрэлхэх” биш “бүлэглэж дэмжих” сэтгэлгээг суулгах, хүч чадал гэдэг бол бусдыг айлгах хэрэгсэл биш, харин эх орон, гэр бүл, анд нөхдөө хамгаалах хариуцлага юм гэдгийг ухамсарлуулахад хамгийн дөхөм бөгөөд үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах гарцын нэг болно гэж харж байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.