ШҮГЭЛ БУРУУ ҮЛЭЭВЭЛ ШҮЛС Л ҮСЭРНЭ…

1 цагийн өмнө Бор шувуу

УИХ-ын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайд асан Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа Боловсролын зээлийн сан тойрсон асуудлаар “Миний мэдэх үнэн” хэмээн дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Маш олон жил үргэлжилсэн, маш зузаан мэдээлэлтэй энэ сангийн тухай зөвхөн “буруу ашиглажээ” гэдгийг мэдэхийн тулд чамгүй удаан судалсан байдаг. Цаашаа хэн хэн, хэзээ, яаж шамшигдуулсан, ашигласан, хууль бусаар завшсан гэдэг мэдээллүүдийг ил тод болгохын тулд бүтэн жилийн хугацаа өнгөрсөн юм.

Олон хүнийг “хөндсөн” учир утас ч зогсоо зайгүй дуугарч, найзууд, танилуудаар дамжуулсан элдэв хандлагууд ч газар авлаа. Эхнэр маань хатуу чанд зантай, шүтлэгтэй, зарчимтай хүн. Хүнд дарамтаас болж анх бодож эхлүүлсэн энэ ажлаасаа ухрах юм бол ядаж тэр минь намайг хэзээ ч уучлахгүй. Ингээд л “нүдэн балай, чихэн дүлий” үргэлжлүүлсэн дээ.

Сүүлдээ өөрөө ч “холбогдов”. Эхнэр маань хүртэл “сангаас хулгайлсан” хүний тоонд орчихсон явах шиг. Манай улс төрчид үе үе “зохион байгуулалттай дайрч байна” гэсэн зүйл ярьдаг даа. Тийм зүйл үнэхээр байдгийг ч харсан юм.

БЗС-ийн задарсан мэдээллээр эвгүйтэж байгаа хүмүүсийн дунд найз, танилууд маань ч байсан. Тийм юм чинь бас л амаргүй. Гэхдээ бүгдэд тэгш хандана гэсэн жанжин шугамаа үргэлж барьсан. “Энэ бол зөвхөн шударга ёс” гэсэн үгийг гаднаа ч хэлж, тархиныхаа дотогшоо ч хэлж байлаа. Шударга ёс гэдэг зүйл нийгэмд сонсогдож, нутагшиж чадвал улс Монгол, үр хойчид маань л хэрэгтэй.

Боловсролын зээлийн санг О.Батнайрамдал, О.Сийлэгмаа нар гэнэт нэг өдөр гарч ирээд “дэлбэлээгүй” юм. Харин тэдний хэлж, ашигласан бүх мэдээллийг нь нэгтгэж бэлдэх гэж олон хүн хүч хөдөлмөр, нэр төр, амьдралаа хүртэл золиосолсон нэг гашуун үнэн байдаг. Энэ зээлийн сангийн мэдээллийг нэгтгэх тийм ч амар ажил байгаагүй. Зээлдэгч нарын мэдээллийг ил гаргах гэж анх удаа Ё.Баатарбилэг сайд асан оролдлого хийж, Засгийн газрын хурлаар оруулж, УИХ-д өргөн барьсан ч улс төрийн эр зориг эс хүрч буцаасан байдаг юм.

Ингээд миний бие сайдаар очиж, түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, зээлийн сангийн 1992 оноос хойших бүх төлбөр тооцоог нэгтгэх гэж их чармайсныг өнөөдөр үгүйсгэх хүн байхгүй болов уу. Ингэж бүх тооцоолол нэгтгэх явцад энэ мэдээлэл О.Батнайрамдалын гарт очиж, гэнэт тийм “бөмбөг дэлбэрсэн” нь тэр.

О.Батнайрамдал ч энэ мэдээллийг “суйлснаа” надад саяхан хэлж, уучлалт гуйсан. Зорилго нь зөв ч үйлдэл нь буруу гэдэг үг байдаг даа. Гэхдээ О.Сийлэгмаа тэр хоёрт улс төрийн гайгүй том оноо авчирсан байх. Сэтгүүлчдээс Н.Өнөрцэцэг, NTB телевизийн Б.Батцэцэг нар тууштай явсан. Сүүлдээ ч үнэн мөнөө хамтдаа олцгоосон.

Миний эхнэр зээл авсан, зээлээ төрөөр төлүүлсэн гэж нүдүүлж, “өөх өгсөн хүнтэйгээ өдөржин заргалдахын үлгэр” санаанд орж байв. Эхнэр маань БЗС-аас зээл авсан нь үнэн. Бас төлсөн нь ч үнэн. Гэхдээ бүүр 2004 онд буюу намайг сайд болохоос 20 жилийн өмнөх явдал байлаа. Эхнэр минь тэр үед Хууль зүйн яамны Хуульчдыг бэлтгэх төвийн багш байлаа. Тэр шугамаараа явсан. Сурсан. Ирсэн. Багшилсан.

Л.Гантөмөр сайд бид хоёрыг хамгийн их хүүхдийн төлбөр чөлөөлсөн сайд нар гэж зарлалаа. 2012 оноос хойш бид хоёр хамгийн удаан сайдаар ажилласан хоёр юм. Тэрээр 4 жил, би 3 жил 6 сар. Хамгийн удаан сайдаар ажилласан болохоор олон хүүхдийн төлбөр чөлөөлөгдөх нь энгийн л логик.

Харин хууль бус чөлөөлөлтүүд байсан уу гэдгийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох нь цаг хугацааны асуудал. Ямар ч сайдад санаатайгаар хууль зөрчих тийм том зүрх тэр болгон заяадаггүй байх. Байгаа хууль, тогтоомжийн хүрээнд чөлөөлөгдөх үндэслэл хангасан хүүхдийг чөлөөлөх л ёстой.

Учир нь зээл авсан хүүхдүүд орон сууцны ордероороо барьцаа тавьж, гэрээ хийдэг учир үүргээ биелүүлсэн хүүхдийн үл хөдлөх хөрөнгийг нь төр чөлөөлж өгөх үүрэгтэй. Үүнийг сайд ч шийддэггүй. Тусдаа ажлын хэсэг гарч, тэдний гарын үсэг зурсан тушаалыг л сайд зурж баталгаажуулдаг зохицуулалттай.

Энд өөрийгөө өмөөрөх өчүүхэн ч хүсэл, бас атгаг бодол алга. Өнөөдөр О.Батнайрамдал УИХ-ын гишүүн болж, О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн дарга болжээ. Төрд зүтгэж байгаа олон мянган залуучуудыг хохироохгүй шийдвэр гаргах эрх мэдэл тэдний гарт ирсэн. Үнэнээр явбал үхэр тэрэг чамгүй хурдалж чадна гэдэгт би итгэдэг.

СИСТЕМИЙН ТУЙЛДАЛ ба РЕФОРМ номын хэсгээс …” хэмээжээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.