НӨАТ-ыг бууруулснаар эдийн засгийг илүү ил тод болно

Өчигдөр Мэдээ мэдээлэл

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нар НӨАТ-ыг таван хувь болгож бууруулах хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “УИХ-ын дөрвөн гишүүн Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийг 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэхгүй байж байгаад буцаагдсан. Одоо тус хуулийн төслийг дахин өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар нийт 180 мянган аж ахуйн нэгж байгаагийн 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг 250 мянган иргэний 50 мянга нь л НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Үүний учир нь НӨАТ-ын татвар өндөр байгаатай холбоотой. 5 хувь болгосноор, татварын бааз суурь нэмэгдэж, татварын орлого багасахгүй байх боломжтой. Бусад орлого ч нэмэгдэх боломж бүрдэнэ. Ерөнхий сайдын шинэчлэлийн ажилтай зэрэгцүүлэн иргэдэд хямд бараа бүтээгдэхүүн хэрэглэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Б.Пүрэвдорж гишүүний хувьд УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах тал дээр байнга байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гэвч эрх баригчид өнгөрсөн хугацаанд огт дэмжиж байгаагүй. Энэ удаагийн парламентын хувьд олон намын төлөөлөлтэй болсон учир уг асуудалд анхаарлаа хандуулах байх. Иргэдийн зүгээс ч НӨАТ-ыг бууруул гэдэг зүйлийг хэлж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн А.Ундраа “НӨАТ-ын татварыг бууруулснаар эдийн засгийг илүү ил тод болгоно. Албан эдийн засгийг бий болгоно. Мөн нэмэгдсэн өртөгийн албан татварыг бууруулснаар татвар төлөгчдийн нуруун дээр ирж буй татварын дарамтыг багасгана. Ингэснээр бизнес эрхлэх орчинг сайжруулна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.