ЗГ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татна

2024-11-13 Засгийн газар

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 13-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих ажлыг Шадар сайд Т.Доржхандын ахалсан Ажлын хэсэг хариуцан ажиллаж байна.

Хуулийн төслийг хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулах асуудлуудыг тусгахаар ажиллаж байна.

Үүнд:

-Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах;

-Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;

-Хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах;

-Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагын чиг үүрэг болгох;

-Татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах;

-Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах;

-Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.

Хууль хэрэгжсэнээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ.

Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татсанаар үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, дэвшилтэт техник технологи, ноу-хау нэвтрүүлэх, инновацийг дэмжих замаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ.

Цаашлаад тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлснээр өрхийн орлого нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.