Ж.ЧИНБҮРЭН: Махан идэш ихтэй ард түмний дунд элэгний өвчлөл өндөр байдаг

2024-04-22 Нийгэм

Манай улсад гепатит вирусийн тархалт өндөр, халдвартай иргэд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөх, нас барах тохиолдлоор дэлхийд дээгүүрт орж байгаа. Элэгний B, D вирусийн хавсарсан халдвартай өвчтөний 80 хувь нь хүндэрч байна. Энэхүү өвчний талаар УИХ-ын гишүүн, Гавьяат эмч Ж.Чинбүрэн дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Элгэн дотор байгаа эс дотор өөхөн бөмбөлгүүд дүүрдэг. Дүүрсээр байгаад өнөө эс нь задраад үхэхийг л элэг өөхөлнө гээд байгаа юм. Таргалаад байвал өөх нь томорч, элэгний эс нь задраад сорви болно гэсэн үг. Энэ утгаараа таргалалт гэдэг бол маш аюултай зүйл. Жингийн илүүдэлтэйгээс гадна чихрийн шижинтэй бол бүр эрсдэлтэй. Ийм хүмүүс заавал үзүүлж байх ёстой.

Зүй нь элгэнд сахар хуримтлагдаж байх ёстой юм. Гэтэл элэг сахар хуримтлагдах зайгүй, сорви болж, эс нь устсан бол хаанаа сахар хуримтлуулах вэ дээ. Гадагшаа хаяж таарна. Ингээд сахар ихэсдэг. Энэ мэт цаад углуургаар нь ойлговол элэгний өвчлөлд нөлөөлж байгаа шалтгаануудыг ойлгож мэдээд, энэ өвчнөөс сэргийлэх боломжтой.

Архи дарс уухгүй, вирусгүй хэрнээ элэгний үрэвсэл өндөр байдаг шалтгаан нь маш тодорхой. Төмрийн илүүдэл байдаг юм. Төмрийн эх үүсвэр цусанд байдаг. Улаан цустай зүйл гэхээр мах л бий. Махан идэш ихтэй ард түмний дунд элэгний өвчлөл өндөр байдаг. Мах их идэхээр биед төмөр их хэмжээгээр хуримтлагддаг. Төмөр ихээр хуримтлагдахаар элгийг гэмтээдэг. Тэр дундаа монгол эрчүүдийн цус их өтгөрөлттэй, төмрийн илүүдэлтэй байдаг. Ер нь тарган байх гэдэг тэнэгийн л шинж. Өөрөө өөртөө арчаагүй, тэвчээргүй байна гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаасаа татгалзах хэрэгтэй” гэлээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.