ЭМЯ: 0-18 насны хүүхдүүд, залуучуудын дунд шээс, бөөрний замын өвчин өндөр байна

2024-02-7 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Ганхуяг “Нийт 1.3 сая хүн энэ үзлэгт хамрагдсан. Өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч үзлэгтээ хамрагдсан иргэддээ баярлалаа. Хараахан амжаагүй байгаа иргэд үзлэгтээ заавал хамрагдаарай.   Энэ долоо хоногийн баасан гараг хүртэл үзлэг үргэлжилнэ.

Үзлэгт хамрагдсан 1.3 сая хүн амаас нийт 964 мянган хүн ямар нэг байдлаар өвчтэй байна гэж оношлогдсон.  Тэдний 57 хувь нь ходоодны шарх, улайлт гэх мэт өвчтэй байгаа учир  та бүхэн онцгой анхаараарай.

Мөн дараа нь дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчнөөр 128 мянган хүн, шээс бэлгийн тогтолцооны өвчнөөр 86 мянган хүн оношлогджээ.  0-18 насны хүүхдүүд, залуучуудын дунд шээс, бөөрний замын өвчин, залуучуудын дунд бэлгийн замын өвчлөл өндөр байна. Залуус бэлгэвч хэрэглэх, нэг хавьтагчтай байх тал дээр учир дутагдалтай байна гэв.

Эдгээрийн дараа зүрх судасны өвчлөл түгээмэл байна. Сүүлийн арван жилд зүрх судасны өвчлөл нийт хүн амын дунд хамгийн их тархсан байсан бол эрт илрүүлгийн дүнгээр дөрөвдүгээрт оржээ. Үүнд зүрх судасны өвчний төвүүдийг олноор байгуулсан, олон нийт рүү чиглэсэн, мэдээлэл өгөх (таргалалтаас сэргийлэх, жингээ хасах, явган алхах, эрүүл хооллохыг зөвлөсөн мэдээллүүд) ажлууд үр дүнгээ өгчээ.

Амьсгалын замын эрхтэн тогтолцооны өвчин мөн хувь эзэлж байна.

Тамхины хэрэглээ манай улсад өндөр хэвээр байна. Хүмүүс дотор орчинд татах нь буурсан ч гадаа гараад их татаж байна. Охид тамхи их татаж байна. Залуус ахмад настнуудын дэргэд тамхи татахаас эмээдэг байсан үе өнгөрчээ. Залууст тамхины хор хөнөөлийн талаар анхааруулахад хүлээн авдаггүй, уурлаж буримдаж байна. Тамхи татдаг иргэдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байсан бол одоо хүйсийн хувьд ялгаагүй болж байна.

Мөн нийт хүн амын дунд жимсний хэрэглээ бага байна. Өдөрт 400 гр жимс жимсгэнэ идэх ёстой ч үүнээс бага хэрэглэж байна.

Чихрийн шижин үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.4 хувьд илэрсэн нь өндөр эрсдэл юм. Мөн хорт хавдрын тохиолдол олныг илрүүллээ. Үзлэгт хамрагдсанаар иргэд оношоо эрт мэдэж, өвчнөө эмчлүүлэхэд ихээхэн дөхөмтэй. Санхүүгийн хувьд бага зардал гаргах, хугацаа алдахгүй байх, орлогоо алдахгүй байх гэх мэт олон давуу талтай” гэлээ.

Мөн манай улсад хавдрын өвчтөнүүдийн 74 хувь нь хожуу үед оношлуулж байсан бол одоо 65 хувь болж буурчээ. Ходоодны хавдрын 44 тохиолдлыг эрт илрүүлгээр оношилсон байна.

Эрт илрүүлгээр оношилсон нийт өвчний 90 гаруй хувиас урьдчилан сэргийлэх боломжтой байгааг дурдав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.