Монгол банк: Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгална

2 цагийн өмнө Банк, санхүү

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны энэ сарын 15, 16-ны өдрийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Энэ нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцжээ. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт, инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэх аж.

Манай улсын жилийн инфляц энэ оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.8, Улаанбаатар хотод 9.8 хувьтай байв. Инфляц энэ оны хоёрдугаар сараас эхлэн мөнгө, санхүүгийн бодлогын төлөвийг шат дараатай хатууруулсан нөлөөгөөр алгуур саарсан ч 8 дугаар сард мах, хүнсний ногоо, гурилын үнэ харьцангуй нэмэгдсэн нь хүнсний инфляцыг өмнөх сарынхаас нэмэгдүүлжээ.

Цаашид инфляц алгуур буурч, 2026 онд зорилтот интервалд орох төсөөлөлтэй байна. Гэвч, Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого, валютын ханшийн төлөв, нийлүүлэлт, цаг агаараас шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг өдөөж болзошгүйг Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн мэдээлэв.

Эдийн засаг энэ оны эхний хагаст 5.6 хувиар өссөний дийлэнхийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж байна. Оны сүүлийн хагаст зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж хүлээж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.