Манай улсад бэлгийн замаар дамжих халдварын тохиолдлын нэгт тэмбүүгийн халдвар ордог. Энэхүү халдвар нь Treponema pallidum гэгч нянгаар үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин юм. Энэ нь гол төлөв бэлгийн хавьталд орох, үтрээ, шулуун гэдсээр эсвэл аман секс, түүнчлэн бэлэг эрхтэн, анус, уруул, амаар дамжин халдварладаг байна.
Мэргэжлийн хүмүүсийн тодруулж буйгаар энэхүү төрлийн халдварыг авснаас хойш эмнэл зүйн анхны шинж тэмдэг болох хатуу яр гарах хүртлэх хугацаа дунджаар 3-4 долоо хоног үргэлжлэдэг аж. Харин өндөр настай бие султай архаг хууч өвчтэй, сүрьеэ, хдхв/дох-ын халдвартай амьдарч буй хүмүүс, тэмбүү өвчнөөр дахин халдварласан архаг архичин, тамхичин зэрэг хүмүүст нууц хугацаа богиносон 10-15 хоног болдог байна.
Харин тэмбүү өвчний нууц хугацаа уртсах тохиолдол нь заг хүйтэн болон гүйлсэн булчирхайн антибиотик эмчилгээ хийлгэсэн хүмүүсийнх 108-190 хоног хүртэл уртсаж болдог.
Тэмбүү өвчний шинж тэмдэг:
Тэмбүү өвчний үүсгэгч болох цайвар трепонем гэмтсэн арьс салстаар нэвтэрч биемахбодид орно. Халдвар голчлон бэлгийн замаар дамжина. Цайвар трепонем хүний биед нэвтэрч орсноос 3-4 долоо хоногийн дараагаар тэмбүү өвчний анхны шинж тэмдэг болох хатуу яр гарч ирдэг.
Ихэвчлэн бэлгийн замаар халдвар дамжин халдварладаг учраас бэлэг эрхтэн, түүний ойролцоо хатуу яр гардаг. Дараагийн нэг гол шинж тэмдэг гэвэл тунгалагийн булчирхай томордог.
Хатуу ярын хувьд хэмжээгээрээ нэлээн том 1-1.5 см хэмжээтэй зарим тохиолдолд үүнээс ч том, махан улаан өнгөтэй, ямар нэгэн өвчин зовиургүй, шарх гарч ирдэг. Шарх хаана гарч ирнэ түүний ойрцолцоох тунгалагийн булчирхай томордог.
Зарим тохиолдолд тухайн хүний бие организмээс шалтгаалан ямар нэгэн шарх, туууралт байхгүйгээр зөвхөн шинжилгээ өгөх үед илэрч гарч ирдэг, далд хэлбэрийн тэмбүү байх тохиолдол бий.
Тэмбүү нь үе шаттайгаар хөгжиж, үе шат бүрт өөр өөр шинж тэмдэг илэрдэг. Халдвар нь ихэвчлэн гурван үе шаттайгаар явагддаг:
Эхний үе шат: Тэмбүүгийн эхний шинж тэмдэг нь ихэвчлэн шанкр (хатуу яр) гэж нэрлэгддэг жижиг, өвдөлтгүй шарх юм. Шанкр нь халдвар хүний биеийн аль хэсгээр дамжин халдварласан тэр хэсэгт гардаг онцлогтой.
Тухайлбал бэлэг эрхтэн, анус, амны хөндий гэх мэт. Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хэдхэн долоо хоногийн дотор өөрөө алга болдог. Тэмбүү өвчний 1-р үед гарч ирж байгаа энэ шинж тэмдгийн үед хүнд мэдэгдэх ямар нэгэн өвчин зовиур, эмзэглэл байдаггүй. Тиймээс энэ үед гарч ирж байгаа шинж тэмдэгийг анзаарахгүй өнгөрөх талтай.
Үүнээс 6-7 хоногийн дараагаар шинж тэмдэг алга болдог. Ноцтой нь хүмүүс энэ үед нь эдгэрчихлээ гэж ойлгох талтай.
Тэмбүү өвчний 1-р үеийг бүрэн гүйцэд эмчлэгдчих юм бол дараагийн шатанд шилждэггүй. Харин эмчлээгүй, дутуу эмчилсэн тохиолдолд дараагийн үе шат руу шилждэг.
Хоёрдогч үе шат: Тэмбүү өвчнийг эмчлээгүй тохиолдолд хоёрдугаар үе шатанд шилжинэ. Энэ үед арьс, салст, бэлэг эрхтэн орчмоор олон төрлийн тууралтууд гарах, үс унах (хөмсөг, сормуус, толгойн үс, суганы үс гэх мэт) зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Далд болон гуравдагч үе шат: Хоёр дугаар үе шат дууссаны дараа тэмбүү нь харагдахуйц шинж тэмдэггүй далд үе шатанд ордог. Гэсэн хэдий ч халдвар нь биед үлдэж, зарим тохиолдолд гурав дугаар үе шат руу шилжиж болно.
Энэ үед тэмбүүгийн үүсгэгч нь биеийн янз бүрийн эрхтэн, тогтолцоонд нөлөөлж тухайлбал зүрх, тархи, мэдрэл болон бусад эрхтнүүдийг гэмтээх зэрэг ноцтой хүндрэлүүд үүсгэдэг.
Тэмбүү өвчний үр дагавар нь ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэл нэмэгддэг: Тэмбүү нь ДОХ-ын халдвар үүсгэдэг вирус болох ХДХВ-ийн халдвар авах, дамжуулах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тэмбүү нь бэлэг эрхтний шарх, шархыг үүсгэдэг бөгөөд энэ нь ХДХВ-ийн халдварын нэвтрэх цэг болдог.
Мэдрэлийн хүндрэлүүд: Тэмбүүгийн хожуу үе шатанд эмчлэхгүй бол халдвар нь мэдрэлийн системд нөлөөлж, мэдрэлийн тэмбүү үүсэхэд хүргэдэг. Мэдрэлийн тэмбүү өвчин нь танин мэдэхүйн сулрал, ой санамж муудах, зан чанарын өөрчлөлт, анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байх, тэр ч байтугай саажилт, цус харвалттай төстэй шинж тэмдгүүд зэрэг мэдрэлийн янз бүрийн эмгэгийг үүсгэдэг.
Зүрх судасны хүндрэлүүд: Эмчилгээ хийлгээгүй тэмбүү нь зүрх судасны тогтолцоонд нөлөөлж, зүрх судасны тэмбүү үүсэхэд хүргэдэг. Үүний үр дүнд зүрх, судас, гол судасны гэмтэл үүсдэг.
Зүрх судасны тэмбүү нь аневризм (судасны хэвийн бус товойх), аортын дутагдал (зүрхний хавхлага гоожих), зүрхний дутагдал эсвэл бусад ноцтой зүрх судасны эмгэгийг үүсгэдэг.
Төрөлхийн тэмбүү: Тэмбүү өвчинтэй жирэмсэн эмэгтэй эхээс урагт хүйн венийн судсаар халдвар дамжиж , улмаар төрөлхийн тэмбүү өвчин үүсгэдэг. Төрөлхийн тэмбүү нь нярайд амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай, хөгжлийн гажиг, ясны гажиг, хараа, сонсголын гажиг, элэг дэлүү томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө: Үргүйдэл, зулбалт, амьгүй төрөлт, дутуу төрөлт, төрөлхийн тэмбүүтэй нярай төрөх зэрэг хүндрэл үүсгэдэг.
87430
30698
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.