Сэрэмжлүүлэг: Манай улсад галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлын 74 хувь нь эзэнтэй нохойд уруулсан байдаг

2023-12-23 Мэдээ мэдээлэл


Галзуу өвчин нь өвчтэй адгуусан амьтдаас хүнд халдварладаг, вирусийн хурц халдварт өвчин юм. Эмнэл зүйн хувьд төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээс болж хөдөлгөөний төвийн сэрэлт ихэсч амьсгал, залгих булчингуудын таталт үүсч улмаар саажилт болж, богино хугацаанд үхлээр төгсдөг өвчин юм. Вирусийн биологийн онцлог нь мэдрэлийн системийг гэмтээдэг, тархи, нугас, шүлсний булчирхайд хуримтлагддаг төдийгүй хувирч өөрчлөгддөг шинжтэй.

Тэгвэл энэхүү өвчний талаарх Эрүүл мэндийн яамнаас хамгийн сүүлд хүргэсэн тоон мэдээллийг тодруулж байна.

Манай улсын 21 аймгийн 298 сум, долоон дүүрэг мал амьтны галзуу өвчний байгалийн голомтттой.
1972-2023 онд хүний галзуу өвчний 37 тохиолдол манай улсад бүртгэгджээ. 2020 онд хамгийн сүүлд галзуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн аж.

Жилд дунджаар 6,500-7,000 хүн галзуу өвчний эрсдэлд өртөж, өртөлтийн дараах вакцинд хамрагддаг байна.

Галзуу өвчний эрсдэлд бүх насны иргэд өртөж байгаа ч 5-15 насны хүүхдүүд илүүтэйгээр өртсөөр байгаа ба эрсдэлд өртсөн тохиолдлын 74 хувь нь эзэнтэй нохойд уруулжээ.

Түүнчлэн сүүлийн таван жилийн байдлаар манай улсад галзуу өвчний эрсдэлд өртсөн хүний тоо өмнөх жилүүдээс 1.5 хувиар өссөн байна.

Сэргийлэх арга хэмжээ:

-Халдвар нутагшмал бүс нутагт нохойг гэрчилгээжүүлж, бүртгэж, дархлаажуулах;
-Эзэнгүй гудамжны золбин амьтдыг устгаж, аюулгүй булах үйл ажиллагаа хийх;
-Оношилгоог цаг алдалгүй хийлгэж, мэргэжлийн байгууллагад хандах;
-Хүн хазсан, ямар ч эрүүл гэрийн тэжээмэл нохой ба муурыг 14 хоног уяж, хяналтанд байлгах;
-Золбин гудамжны амьтан хүн хазсан тохиолдолд шууд устгаж, галзуу өвчтэй эсэхийг шинжлэх;
-Галзуу амьтан хазсан, дархлаажуулаагүй нохой муур зэрэг гэрийн тэжээмэл амьтныг шууд устгана;
-Хэрэв амьтныг хорионд байлгахаар шийдвэл 6 сараас доошгүй хугацаагаар мал эмнэлгийн хяналтанд байлгах шаардлагатай. Суллахаас 30 хоногийн өмнө дархлаажуулна.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.