Үе үеийн эмэгтэй парламентчид чуулна

2023-12-12 Мэдээ мэдээлэл

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөлтэй хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан “Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулган”-ыг 2022 оны есдүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан билээ.

“Эмэгтэй парламентчдын чуулган-2023” хоёр дахь удаагийн арга хэмжээг энэ сарын 13-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах гэж байна.

Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших найман удаагийн УИХ-ын сонгуульд нийт 3445 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 25 хувь нь эмэгтэй байсан аж. Нийт 608 гишүүн сонгогдсоноос 10.7 хувь нь эмэгтэй байсан бөгөөд 45 эмэгтэй давхардсан тоогоор нийт 65 удаа сонгогджээ. Үүнээс 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш, үлдсэн 35 эмэгтэй нэг удаа сонгогдсон байна.

“Парламентч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-аар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хэлэлцсэн билээ.

Энэ удаа эмэгтэй парламентчид чуулж, “Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-оос гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн энэ үеэр “Парламентад хүрэх мянган алхам” буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаарх номын нээлтийн арга хэмжээ болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.