Д.Амарбаясгалан: Парламентын гишүүдийн тоог 152 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг оруулсан

2023-05-3 Засгийн газар

Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн төслийг өнөөдөр /2023.05.03/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж байна. Уг төсөлд УИХ нэг танхимтай байна, УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г нь пропорционал аргаар сонгоно гэдэг өөрчлөлтийг орууллаа.

Үндсэн хууль бол Монголын хүн амын эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилтыг хангах үндсэн үүрэгтэй, УИХ, Засгийн газар, шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдгаараа хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль юм. Монгол Улстай ижил гараанаас гарсан улстай харьцуулахад улсын болон хүн амын хөгжил, амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна. Энэхүү томоохон өөрчлөлтийг авчрах сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсрууллаа.

Тухайлбал, Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ барьж чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос хамааралтай. Тэгвэл өнөөдрийн Засгийн газраас өргөн барьж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд парламентын гишүүдийн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал аргаар сонгогддог болохыг тусгаснаараа онцлог юм” хэмээв.

Мөн тэрбээр “Парламентын гишүүд хэт цөөн болохоор эрх мэдэл төвлөрдөг гэж олон улсад үздэг. Тиймээс дунджаар 152-оос дээш парламентын гишүүнтэй байх чиг хандлагыг баримталж байна. Уг төслийг УИХ гурван удаа хэлэлцэнэ. Мөн иргэдтэй уулзаж, саналыг нь хүлээн авна” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн 2022 оны нэг, хоёрдугаар тогтоол гарсантай холбогдуулж УИХ-ын 54 дүгээр тогтоол гаргасан. Мөн 34 дүгээр тогтоолыг баталсан. 34 дүгээр тогтоолын хувьд зөвлөлдөх санал асуулга явуулах тухай юм. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах, дэвшилтэт сонгуулийн системийг судалж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахыг 54 дүгээр тогтоолоор УИХ-аас Засгийн газарт даалгасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар явуулсан зөвлөлдөх санал асуулгын хүрээнд олон санал гарч ирсэн. Засаглалын хэлбэр, шүүх эрх мэдэл гэх мэт. Эдгээр асуудлыг бүгдийг нь хөндөнө гэвэл томоохон өөрчлөлт хийх, олон нийтийг талцуулах хэлбэр рүү орох байсан юм. Иймд эхний ээлжид баримталж буй хоёр тогтоол, журмынхаа хүрээнд тоо, тогтолцооны асуудлыг хөндөхөөр болсон. Харин дараагийн парламент илүү олон талын төлөөлөлтэйгөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг өргөжүүлэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

1992 онд УИХ-ын гишүүн 23 мянган иргэнийг төлөөлөхөөр 76 гэдэг тоо гарч ирсэн. Харин өнөөдрийн статистикаар Монгол Улсын хүн ам 3.4 орчим сая байгаа нь нэг гишүүн 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.