УИХ: Ирэх оны улсын төсвийг баталлаа

2022-11-11 Парламент

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Тодруулбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 127.7 тэрбум төгрөгөор буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0.23 хувиар баталлаа.

Мөн 2023 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн төсөл, 2023 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Энэхүү хуулийн төслүүд нь 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.

Ирэх оны төсвийн хуулийг баталсантай холбогдуулан, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр “Төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулсан, зардлыг бууруулсан, хэмнэсэн эх үүсвэрээр гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт эдлүүлнэ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр зогссон байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хүүхэд хамгаалах зардлыг нэмэгдүүлсэн. Боомт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн төсвийг тэргүүн ээлжинд шийдлээ.

Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нээлттэй болгох зорилгоор нэгдсэн цахимд оруулах, нүүрсний хулгайтай тууштай тэмцэх зорилгоор ард түмэнд мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх боломжтой боллоо. Хувьцаат компаниудын хяналтыг сайжруулж чадлаа.

УИХ-аас баталсан энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай. Хэрэгжилтийг нь хангуулж, ажиллахад УИХ-ын Төсвийн байнгын хороо сар, улирал бүр сонсгол зохион байгуулахаар хуульчиллаа” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.