Covid-19-өөр өвдсөн иргэдийн түгшилт, сульталтын шинж өвдөөгүй иргэдээс 1.9 хувиар өндөр байна

2022-09-9 Мэдээ мэдээлэл

 

Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ, СЭМҮТ-өөс COVID-19 халдвар бүртгэгдсэнээс хойш сэтгэцийн эрүүл мэндийн байдалд ямар өөрчлөлт орж буй талаар өнөөдөр /2022.09.09/ мэдээлэл хийлээ.

АШУИС-ийн Сэтгэцийн тэнхмийн багш Н.Ганцэцэг:

-Дэлхий нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал зайлшгүй анхаарах сэдэв болсон. Эдийн засгийн уналт, ажилгүйдэл, эрүүл мэндийн айдас зэргээс хамаарч хүмүүст сэтгэлзүйн хямралууд үүсч байна. Тиймээс Монгол Улсын хэмжээнд асуумж судалгааг нэгдсэн байдлаар зохион байгуулсан. 2021-2022 онд буюу хөл хорионы төгсгөл үед таарсан судалгаанд 9000 хүн хамрагдсанаас нийт 7960 кэйс бүрдээд байна. Судалгааг түүвэр аргаар хийсэн бөгөөд иргэд төдийгүй онцгой нөхцөл байдалд ажилласан эмч, алба хаагчид хамрагдсан. Энэ статистикаас дүгнэхэд сэтгэл түгших эмгэг 60-аас дээш хувьд ажиглагдсан.

Мөн Covid-19-өөр өвдсөн иргэдийн түгшилт, сульталтын шинж өвдөөгүй иргэдээс 1.9 хувиар өндөр байна.

ДЭМБ-ийн халдварт бус өвчин судалгаа хариуцсан мэргэжилтэн С.Болормаа:

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2022 оны мэдээллээс харахад, Монгол Улс 2018 онд амиа хорлох тохиолдлын тоо 100 мянган хүн тутамд 18,67 байжээ. ДЭМБ-ын санхүүжилтээр 2013 онд ерөнхий боловсролын сургуулийг түшиглэж хийсэн судалгаанд Монгол Улсын 13-17 насныхан сүүлийн нэг жилийн дотор 23 хувь нь амиа хорлох талаар бодож үзсэн бол 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийгээд үзсэн байгаа юм. Цар тахлын үеэрх хөл хорионы хугацаанд энэ тоонд ч мөн өсөлт гарсан. Тэгэхлээр сэтгэлзүйн эмгэг нь зөвхөн насанд хүрэгчид биш өсвөр насныханд ч тулгамдаж байгаа асуудал болоод байна.

Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-аас цар тахлын дараах иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал болон Монгол Улсын хэмжээнд хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааны дүнг танилцууллаа.

Монголын сэтгэцийн эрүүл мэндийн удирдах зөвлөлийн гишүүн Р.Энхтүвшин:

-Иргэдэд цар тахлын оргил үед айдас түгшилт давамгайлж байсан бол одоо урт хугацааны сэтгэл түгшилт, гутралын эмгэг үүсэж байна. Тухайлбал, иргэдийн дунд ядрах, сульдах, мартах, нойрны эмгэгтэй болох асуудлууд илүүтэй ажиглагдах болсон байна. Иймд бид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн хүрээнд тулгамдсан асуудлаа ярих нэгдсэн том чуулган зохион байгуулж, системтэйгээр энэхүү асуудалд анхаарлаа хандуулах ажлуудыг төлөвлөөд байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.