ХАНБОГД ЭРДЭНЭТИЙН ДАЙТАЙ ХОТ БОЛОХ УУ…

2022-06-10 Бор шувуу


Өмнөговьд шинэ хотын чимээ сонсогдож эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард Өмнөговьд үг хэлэхдээ “Ханбогд сумыг орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр ирж байгаагаа зарласан. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг улсын чанартай хот болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн гэнэ шүү. Манай дарга нарын сайхан зорилтууд хөрөнгө мөнгөн дээр очоод бүдэрдэг. Харин энэ удаа мөнгөний эх үүсвэр тодорхой байна.
Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

“Улсын нийслэлтэйгээ дүйцэхүйц шинэ хотуудыг эдийн засгийн бүс нутгууддаа, шинээр байгуулагдах боомтуудыг түшиглэн байгуулах болно” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Засгийн газраас Өмнөговь аймагт дэд бүтцийн болон хот байгуулалтын хөрөнгө оруулалтуудыг үргэлжүүлэн хийхээс гадна эрхзүйн хувьд бие даан хөгжих, санхүүгийн хувьд бие даасан шийдвэр гаргах бодит боломжийг бүрдүүлэх болно гэж Ерөнхий сайд амласан юм. Ханбогд сумыг Галбын говийг түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх гэнэ. “Бурханы шашны өвөрмөц дурсгалууд, үлэг гүрвэлийн хосгүй олдворууд, Улаан номонд орсон нэн ховор ан амьтад, мөн 33 мянга гаруй тэмээн сүргээрээ ялгарч экологийн тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтын цөм хэсэгт багтсан” гэдгийг Л.Оюун-Эрдэнэ мөн дурьдаж байлаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.