“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо” төслийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулсан. Тус төслийн дагуу ажил эрхлээгүй залуусыг тогтмол ажлын байранд зуучлах, мэргэшүүлэх зорилготой аж.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодрууллаа. Тус төслийн үндсэн зорилго нь 18-34 насны ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэдийг идэвхжүүлэх бөгөөд сургалтад хамрагдсанаар тогтвортой ажлын байранд зуучлуулах аж.
ХНХЯ-наас “Өнгөрсөн жил 2389 залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулжээ. Үүнээс оны эцэст 806 нь байнгын ажлын байртай болсон. Мөн 1700 гаруй залуусыг сургалтын дараа 15 хоног үйлдвэрийн дадлагад хамруулаад байна. Энэхүү сургалт 14 хоног вакумжуулсан хэлбэрээр явагддаг. Хичээлийн агуулгын хувьд хөдөлмөрийн үнэ цэнэ, харилцааны ур чадвар, анкет бөглөх зэрэг хамаардаг. Үүнээс гадна өв соёл, эрүүл мэнд, батлан хамгаалахын чиглэлээр хичээлүүд ордог.
Энэхүү тэтгэлгийн онцлог нь хоёр долоо хоногийн сургалтын дараа хичээлд бүрэн хамрагдсан хүмүүст 500 мянган төгрөг бэлнээр олгодог. Үүний дараа үйлдвэрлэлийн дадлагыг хийвэл мөн 500 мянган төгрөг өгдөг.
Тэтгэлэгтэй төсөлд хамрагдахын тулд хэд хэдэн шаардлага тавьдаг. Үүнд:
-Ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 18-34 насны иргэн байх
-Сүүлийн гурван сар ажил хийгээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй
-Сургалтад хамрагдах үед их, дээд сургууль, МСҮТ-д хамрагдаагүй байх ёстой.
Засгийн газрын 58 дугаар тогтоолоор энэ төсөл 2024 он хүртэл хэрэгжинэ. “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо” төсөл зөвхөн иргэдэд дэмжлэг үзүүлэх бус, ажил олгогчдыг мөн харгалздаг. Тухайлбал, тогтвортой ажлын байраар хангаж, 12 сараас дээш төсөлд хамрагдсан иргэнийг ажлуулсан тохиолдолд тухайн компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хөнгөлдөг. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буцаан олгодог.
Ямар нэгэн боловсрол эзэмшээгүй иргэд ч энэ төсөлд хамрагдаж болно. Тиймээс мэргэжил эзэмшээгүй залуус хөдөлмөрт оролцоотой байх талаар сайн ойлголт авдаг. Өнгөрсөн жил хамрагдсан иргэд энэ жил хамрагдах боломжтой эсэх талаар тодруулж байна. Төсөлд хамрагдсан иргэдийн тухайд дахин хамрагдах боломжгүй.
Өнгөрсөн жил нийт 6300 гаруй залуус бүртгүүлсэн. Бид тэдгээр иргэдийн шалгуурт нийцэх эсэхийг судалж үзээд, нийт 4300 орчим нь тэнцсэн. Харин сургалтын дараа 2389 нь албан ёсоор хамрагдаж, тэтгэлэг авсан.
Төсөлд хамрагдах хүсэлтэй залуус Emongolia,mn цахим хуудсаар дамжуулж бүртгүүлнэ.
Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн цэгт очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэл тавдугаар сарын 16-наас 26-ныг хүртэл үргэлжилнэ” гэв.
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.