Аялал жуулчлалын салбар сэргэхэд бэлэн боллоо

2022-02-14 Энэ 7 хоногийн онцлох

Цар тахлын улмаас дэлхий нийтээр хамгийн их хохирол амссан салбарын тэргүүн эгнээнд аялал жуулчлал багтаж байна. Монгол Улсын тухайд урьдчилсан байдлаар зөвхөн жуулчин хүлээж авдаг тур операторуудын орлого 80 хувиар, зочид буудлуудын орлого 63 хувиар, жуулчны баазуудын орлого 84 хувиар буурчээ. Мөн ресторануудын орлого хоёр дахин буурахын сацуу эдгээр салбарт  ажиллаж буй ажиллах хүчний тоо 25-75 хувиар багасаад байгаа юм. Гэхдээ энэ салбар тун удахгүй дахин сэргэх гэж байна. Учир нь олон улсын жишгийг манай улс ч мөн адил дагаж, вакцины бүрэн тунтай жуулчдад нээлттэй орон болсныг  Засгийн газраас өчигдөр зарлалаа.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын салбарыг уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний ашиг орлого, эдийн засгийг тэлэх том боломж гэж харж байна. Энэ хүрээнд Засгийн газар аялал жуулчлалын салбарыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Жуулчид вакцины хоёр тунтай бол хилээр нэвтрэх боломжтой. Вакцины тунгүй бол зохих журмын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт вакцинд хамрагдаж болно. Аялал жуулчлалын компаниудаа ажиллах нөхцөлөөр хангана. Хөл хорио тогтоохгүй. Цар тахал анх дэгдэж эхлэхэд бид эрүүл мэндийг чухалчилсан. Харин одоо эдийн засгаа сэргээх цаг үе ирсэн” гэж “Шинэ сэргэлтийн бодлого-аялал жуулчлал” хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.

Хэлэлцүүлэгт БОАЖЯ, Гадаад харилцааны яам,  Зам, тээврийн хөгжлийн яам,  Соёлын яам,   Эрүүл мэндийн яам,   Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо,  Мэргэжлийн холбоод гэсэн аялал жуулчлалын салбарын 250 гаруй төлөөлөл  оролцож тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц гаргалгааг эрэлхийллээ. Тухайлбал, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, нийгмийн шинж чанартай түгжээ гацааг мултлах зэрэг бодит үр дүн гарахуйц түвшинд талуудын оролцоог хангасан байдлаар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагаа салбарын сайд онцолсон юм.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Манай улсад жилд дунджаар гадаадын 500 мянга гаруй иргэн жуулчилдаг. Цар тахлын өмнөх 2017-2019 оны дунджаар 600 мянга гаруй гадаадын иргэн зорчсон. Сүүлийн жилд энэ тоо эрс буурсан. Тиймээс  Монгол Улсыг зорьж буй гадаадын иргэдийн зорчих чиглэлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд гурван төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох “E Visa” системийг өнгөрсөн оны аравдугаар сард туршилт журмаар нэвтрүүлсэн. Цаашдаа цахим виз авах боломжтой улсын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн  вакцины гэрчилгээг Монгол Улс албан ёсны баримт бичиг болохыг нотолж, загварыг нь гадаадын улс орнуудтай дипломат шугамаар тохиролцох ажлыг хийж байна” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр  Засгийн газраас төрийн болон хувийн компаниуд аялал жуулчлалын салбарт эдийн засгийг тогтворжуулах бүхий л үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийг албан ёсоор мэдэгдлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.