Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг 15.7 хувиар өсөж эдийн засаг сэргэж эхэлжээ

2021-11-15 Нийтлэл

Манай улсын макро эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн талаарх тайланг холбогдох албадаас гаргажээ. Тодруулбал, үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.7 (16.0%) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 12.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 739.0 (6.3%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ. 

Мөн хоёрдугаар улирлын гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ний 36.0 хувийг аж үйлдвэр, 40.0 хувийг үйлчилгээ, 14.0 хувийг хөдөө аж ахуй, үлдсэн 11.0 хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар эзэлсэн байна. Харин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар үйлдвэрлэлийн аргаар ДНБ-нийг оны үнээр буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүтээгдэхүүний цэвэр татвар 33.6 хувиар, аж үйлдвэр 35.2 хувиар, үйлчилгээ 4.0 хувиар, хөдөө аж ахуй 2.5 хувиар тус тус өсчээ.

Зургийн тайлбар: ДНБ-ний хэмжээ, жил бүрийн эхний хагас жилд
/их наяд төгрөгөөр/

Тэгэхээр энд нэг зүйлийг тодруулахад, энэ онд ДНБ-ний бодит өсөлт 17.3 хувь байх үед нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 4,917.1 мянган төгрөгтэй тэнцэж, энэ үеэс нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ өсөх хандлагатай байсан. Харин 2019 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр ДНБ-ний өсөлт 5.2 хувьд хүрэх үед нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 11,680.6 мянган төгрөг буюу хамгийн өндөр утгандаа хүрчээ. 2020 онд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ буурч 2019 оны мөн үеэс 1.9 хувь буюу 221.1 мянган төгрөгөөр буурч 11,459.5 мянган төгрөгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, ДНБ-ний бодит өсөлт 2011-2016 онуудад тасралтгүй буурч, 2016 оны гуравдугаар улирлын байдлаар -1.4 хувь буюу хамгийн доод цэгтээ хүрсэн. Харин 2017-2019 онуудад дунджаар 6.3 хувийн өсөлттэй байсан бол 2020 оны эхний улиралд ДНБ огцом буурч -10.7 хувьтай тооцоологдсон нь 2016 оноос хойш хамгийн доод хэмжээндээ хүрчээ. 2020 оны эхний хагас жилд -9.7 хувь, гуравдугаар улирлын гүйцэтгэлээр -7.3 хувьтай гарсан бол 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр -5.3 хувьд хүрсэн. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг 15.7 хувиар өсөж эдийн засаг сэргэж эхэлсэн байна.

Эх сурвалж: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗРЫН
ТӨСВИЙН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.