Эрх баригчдын цаасан дээрх эдийн засгийн гоё өсөлтүүд иргэдэд “далд татвар” буюу инфляцын шуурга болон бууж байна

Өчигдөр slider

Сэтгүүлч О.Мөнхгэрэл

Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд, уул уурхайн экспорт, ДНБ-ний өсөлт цаасан дээр сүрдмээр баян улс шиг харагдаж байгаа ч жирийн иргэдийн амьдрал дээр “далд татвар” буюу инфляцын шуурга болон бууж байна.

Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2026 оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд жилийн инфляц 12.9 хувьд хүрч, хоёр оронтой тооноос буухгүй хэвээр байна. Энэ нь Засгийн газрын төсөвт тусгасан зорилтот түвшнээс даруй 5.9 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм.

Уг нь Засгийн газраас 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт гарган цалин, тэтгэврийг үе шаттай нэмэх шийдвэр гаргаж, парламентаар батлуулсан. Гэвч бодит байдал дээр төрөөс цалин, тэтгэвэр нэмэх сургаар зах зээл дээр өргөн хэрэглээний барааны үнэ түрүүлээд өсчихдөг гажиг тогтолцоо Монголд нэгэнт бүрджээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн халааснаас мөнгө шууд гараагүй ч худалдан авах чадвар нь өдрөөс өдөрт хумигдаж, мөнгөний үнэгүйдэл дунд иргэд сөхөрч байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар гол нэрийн барааны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 1.8-аас 55.9 хувиар өсжээ.

Хамгийн харамсалтай нь 58 сая малтай Монгол Улсад мах, махан бүтээгдэхүүний үнэ наймдугаар сарын байдлаар өмнөх оныхоос бараг 50 хувиар өссөн нь айл өрхүүдийн хоолны ширээг хоослоход хүргэж байна.

Сөрөг хүчин болон иргэдийн зүгээс “Орлоготой ямар ч уялдаа холбоогүй, үнийн хөөсөрсөн өсөлт явагдаж байна” хэмээн эсэргүүцэж байгаа бол төв банкны зүгээс жилийн 13 хувийн инфляцын бараг тэн хагасыг (50%) дотоодын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол, тээвэрлэлтийн зохион байгуулалтгүй байдал бүрдүүлж байна гэж тайлбарлав.

Тодруулбал, өнгөрөгч намар инфляц дахин хөөрөгдөхөд шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн. Есдүгээр сард дизель түлшний үнэ сарын дотор 11.8 хувь, АИ-95 бензин 13.8 хувиар нэмэгдсэн нь нийт инфляцын үүргийг улам лавшрууллаа. Шатахуун нэмэгдэх нь тээврийн зардлыг өсгөж, улмаар лангуун дээрх талх, сүүнээс эхлээд барилгын материал хүртэл бүх зүйлийн үнийг гинжин урвалаар өсгөдөг хуультай.

Эцэст нь хэлэхэд, иргэдийн амьжиргааг хамгаалах цорын ганц гарц нь мега төслүүдийн тоо ярихаас илүүтэйгээр амьжиргааны өртгийг тогтворжуулах, дотоодын хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг арилгах, төсвийн үр ашиггүй тэлэлтийг зогсоох явдал болоод байна. Тэгэхгүй бол эрх баригч цагаан захтнуудын цаасан дээрх эдийн засгийн гоё өсөлт чинь иргэдийн хоосон халаас, өрийн дарамтыг нөхөж чадахгүй унагаах нь байна шүү…

 

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.