154 хадгаламж, зээлийн хоршооны 7,535 зээлдэгчид зээлийн гэрээгээ өөрчилжээ

2021-06-4 Нийтлэл

Олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын зөвлөл /ICURN/-өөс гишүүн байгууллагуудынхаа дунд цар тахлын нөлөөнөөс шалтгаалсан өөрчлөлтөд хэрхэн зохицож байгаа талаар хийсэн судалгааны үр дүнг цувралаар хүргэсээр байна.

Энэ удаад хадгаламж, зээлийн хоршоодын гишүүдийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг хүргэе. Учир нь, цар тахлын улмаас хадгаламж, зээлийн хоршоодын гишүүдийн дийлэнх нь зээлээ хугацаандаа төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Иймд зээлийн эргэн төлөлттэй холбоотой судалгаанд хамрагдсан улс орнууд түр хугацаанд үйлчлэх журам гаргах, зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах зэрэг байдлаар зарим зохицуулалтыг хийсэн байна. Тухайлбал, зээлийн эргэн төлөлттэй холбоотой түр хугацаанд үйлчлэх журам хэрэгжүүлснээр судалгаанд хамрагдсан 27 улсын хувьд ихэнх зээл нь төлөгдөж дууссан байна.

Манай улсын хувьд ч цар тахлын улмаас эдийн засгийн идэвхжил саарч, иргэд, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөх байдал мөн үүссэн. Иймээс учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, тогтвортой байдлыг хадгалах зорилгоор “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаанд мөрдөх өөрчлөлтийг нийт 3 удаа оруулж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөрдүүлж байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 154 хадгаламж, зээлийн хоршооны 7,535 зээлдэгч гишүүний 24.3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаад байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.