Ахмадуудад олгох сая төгрөгийг тэтгэврийн дансанд шилжүүлэлж эхэллээ

2021-05-21 Энэ 7 хоногийн онцлох

Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд нийтдээ 228.5 мянган ахмад настны 763 тэрбум орчим зээлийг төр тэглэсэн юм. Харин тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад сая төгрөгийг ваучер олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар тэтгэврийн зээлгүй 238.000 ахмадад 1 сая төгрөгийн үнэт цаасыг өнгөрсөн 7 хоногт олгосон билээ. Ахмадуудад олгосон үнэт цаасыг “Эрдэнэс Монгол” ХХК энэ сарын 21-нээс буюу өнөөдрөөс мөнгөжүүлж эхэллээ. Сая төгрөгийг тэтгэврийн дансанд шилжүүлэх тул банкинд ирж, дугаарлах шаардлагагүй гэдгийг анхааруулж байгаа юм.

194.000 ахмад тэтгэврийн зээлгүй, 44.000 ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүүг нь олгоход 216 тэрбум төгрөг зарцуулах тооцоо бий.

Үүнээс гадна 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хүмүүсийн ар гэрт нь энэ үнэт цаас өвлөгдөх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан тухайн хүмүүст олгогдох ёстой байсан үнэт цаасыг өвлөн авах хүмүүсийн дансанд байршуулах аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.