Б.Пүрэвдорж: Л.Оюун-Эрдэнэ сайдыг 5,1 их наяд төгрөгийн зарцуулалтаа тайлагнахыг шаардаж байна

2021-03-26 Мэдээ мэдээлэл

Б.Пүрэвдорж: Л.Оюун-Эрдэнэ сайдыг 5,1 их наяд төгрөгийн зарцуулалтаа тайлагнахыг шаардаж байна

АН-ын бүлгээс хэвлэлийн хурал зарлаж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газраас 2020 онд Эдийн засгийг сэргээх 5,1 их наяд төгрөгийн хөтөлбөр зарласан. Эрүүл мэндээ хамгаалах зорилгоор зарцуулсан гэсэн  хэдий ч халдварын тоо өнөөдөр 300-400 гарч байна. Эдийн засгаа сэргээхэд зарцуулна гэсэн ч эдийн засаг өнгөрсөн жил 5,3 хувиар “унасан”. Ажлын байр нэмэгдүүлэх байтугай МХАҮТ-ын мэдээллээр,  400 мянган иргэн цалингаа авч чадахгүй, жижиг дунд үйлдвэрийн 75 хувь нь сул зогсолттой байна. Иймээс уг 5,1 их наяд төгрөгийн төсөв  хаашаа орсныг тайлагна хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан. Ерөнхий сайдаас хариу ирсэн ч 2,4 их наяд төгрөгийн тайлагнаад үлдсэн 2,7 их наяд төгрөгийн тайлан ирээгүй.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүсэлт хүргүүлж байна. Хувийн хэвшилд ажиллаж буй иргэд хадгаламжаа нэмэх боломжгүй байхад иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж 3,9 их наядаар өссөн Монголбанкны статистик байна. Тиймээс дээрх төсвийн 2,7 их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих зорилготой мөнгө ийнхүү зарим хүний хадгаламж болсон байх магадлалтай гэж харж байна.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 5,1 их наяд төгрөгийн зарцуулалтаар тайлан тавьж, ил тод болгохыг шаардаж байна.  Мөнгө болгон мөртэй учраас Төсвийн зарлагын хяналтын хорооны даргын хувьд шалгана гэдгээ мэдэгдье” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.