Сагасан монголчууд ба ядарсан түмэн

2021-02-15 Нийгэм

Манай үндэсний хөрөнгөтнүүд 80-100 сая төгрөгөөр араб морь худалдан авч, 60 сая давсан их гарын хөөргөөр тамхилан, түүнээсээ кайф авдаг. Харин гадны баячууд ядуу айлын ухаантай хүүхдийг дэлхийд үнэлэгдэх томоохон их, дээд сургуульд сургаж, гайхалтай удирдагч, шилдэг мэргэжилтэн болгон, хүнээс кайф авдаг. Тэр ч хирээр шинэ баян цээж өвчтэй нөхдүүд олшрох төлөвтэй. Ямар сайндаа л төмөр машинд зүүх ижил тоотой “Аз”-ын гэгдэх дугаар буюу 0001 УАP улсын дугаарыг тал бүрээс нь гэрлийн хурдаар өсгөн 427.450.000 төгрөгт хүргэж худалдаалж байх жишээний. Мөн өдөрт 20 дугаарыг дуудлага худалдаанд оруулах бөгөөд нэг дугаар 60 гаруй сая төгрөгөөр худалдаалагдсан гэдгийг АТҮТ-ийн мэргэжилтэн хэлж байна. Хэрэв хамгийн өндөр үнэ хэлсэн хүн заасан хугацаанд мөнгөө шилжүүлэхгүй бол хүчингүй болж, дахин дуудлага худалдаанд оруулах аж.  Зүй нь АТГ, Зам тээврийн хөгжлийн яамныхны ярилцсанаар дуудлага худалдаанаас олсон орлогыг тусгай санд төвлөрүүлж, хүүхдийн хөгжил болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зарцуулна хэмээн мэдээлж буй. Хэдийгээр улсын төсөвт их хэмжээний мөнгө орж байгаа нь сайшаалтай ч автомашиндаа хагас тэрбумын төмөр зүүдэг сагасан монголчуудын хандлагыг шүүмжлэх иргэд ч олон байна. Үнэндээ тэд ямар эх үүсвэрээр, хэрхэн хөрөнгөжсөн нь хачирхалтай. Мөн монголчуудын амьжиргааны түвшний ялгаа энэ үйлдлээс дэндүү тод томруун харагдаж байна. Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хямарч өдрийн хоолгүй хонох айлууд олон байгаа бол нөгөө талд хэдэн орон сууц, автомашин худалдаж авах мөнгөөр нэг хавтгай төмөр худалдаж авчихаад сагаж суух нэгнийг хараад хэлэх үг үл олдох…

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.