Орон нутгийн сурагчдын хичээл хоёрдугаар сарын 1-нээс теле хэлбэрээр эхэлнэ

2021-01-29 Боловсрол

Ирэх долоо хоногийн Даваа гарагаас ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхлэх хуваарьтай билээ. 

Нийслэл хотод цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан танхимын сургалтыг эхлүүлэх боломжгүй тул бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг цахим болон теле хэлбэрээр үргэлжлүүлэх юм.

Харин орон нутагт цар тахлын нөхцөл байдал тогтворжсон ч сургалтыг зайнаас явуулахаар салбарын яамнаас шийдвэрлэсэн байна. Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Цаг уурын байгууллагаас ойрын саруудын цаг агаарын урьдчилсан мэдээллийг авсан. Хоёрдугаар сарын эхээр дулааралт ажиглагдахгүй байгаа тул хүйтний улиралд ханиад томууны дэгдэлтийг нэмэгдүүлэхгүй байхаар болгоомжилж байгаа.

Түүнчлэн өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзаж байна. Одоогоор их эрсдэлтэй 11 аймгийн 89 сум, эрсдэлтэй 150 гаруй сум байгаа. Эдгээр суманд 13.6 мянган өрх отроор өвөлжиж байна. Өвөлжилт хүндэрсэн бүс нутагт 25 мянга орчим айл өрх өвөлжиж байгаа бөгөөд эдгээрт сургууль, цэцэрлэгийн насны 20 гаруй мянган хүүхэд амьдарч байна. Хэрэв хоёрдугаар сарын 1-нд орон нутагт танхимын сургалтыг эхлүүлбэл 7-8 хоног хичээллээд, Цагаан сарын баярын амралтын өдрүүд эхэлнэ. Өвөлжилт хүндэрсэн бүс нутагт байгаа хүүхдүүд сургуульдаа ирэх, урт амралтын өдрүүдэд буцахад хүндрэлтэй гэж үзсэн.

Мөн улсын хэмжээнд сурагчид, эцэг, эх, багш ажилтнуудаас судалгаа авсан. Судалгаанд оролцсон эцэ, эхчүүдийн 16 хувь нь хоёрдугаар сарын 1-нд танхимын хичээл сургалтыг эхлүүлэхийг дэмжсэн. Харин цар тахлын халдвар гараагүй бүс нутагт эхлүүлэхийг дэмжсэн 24 хувь, харин 20 хувь нь тодорхой хязгаарлалтын дор хичээллүүлэх саналыг гаргасан. Сурагчдын 35 хувь нь танхимын сургалтыг эхлүүлэхийг дэмжсэн.

Иймд БШУЯ-наас хичээлийн жилийн бүтцийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс зайн сургалтаа эхлүүлнэ. Танхимын сургалт хэзээ, хэрхэн эхлэхийг Улсын Онцгой комисс саналаа танилцуулснаар Засгийн газар шийдвэрээ гаргаж, танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх үү, хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх үү гэдгийг албан ёсоор олон нийтэд танилцуулна” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.