ЗАСГИЙН ГАЗАР бүрэлдэхүүнээрээ ОГЦРОХ “ХҮСЭЛТ” гаргажээ

2021-01-21 Засгийн газар

Халдвар авсан эх, хүүхэд хоёрт хүнлэг бус хандсан асуудлаар Засгийн газрын хоёр сайд хариуцлага хүлээж, огцорч байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өчигдөр шөнө У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхан Их тэнгэрт уулзалт хийжээ. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох “санал” тавьсан ч гишүүд нь дэмжээгүй байна. Харин өнөөдөр өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг ярьжээ. Цар тахлын халдварын тоо нэмэгдэж, нөхцөл байдал ийм хүнд үед Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох бус, хоёр сайддаа хариуцлага хүлээлгээд цаашаа явах нь зөв хэмээн гишүүд үзэж буй.

МАН-ын Удирдах зөвлөл одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болжээ. Энэ үеэр хариуцлага хүлээхээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хоёр сайдынхаа оронд хэнийг томилох вэ гэдгээ ярилцах юм. Учир нь Үндсэн хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг огцруулахдаа дараагийн томилох хүнээ хамтад нь оруулж ирнэ гэсэн зарчмын дагуу дараагийн сайд нараа ярилцжээ. Албан бус мэдээллээр Удирдах зөвлөлөөр Ерөнхий сайдын танхимаараа огцрох хүсэлтийг ч хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.