Ил задгай хаясан амны хаалтаас болж ТҮК-ийн ажилтнууд өвдсөн үү?

2021-01-19 Нийгэм
Ил задгай хаясан амны хаалтаас болж ТҮК-ийн ажилтнууд өвдсөн үү?

Ердөө ганцхан жилийн өмнө гудамж талбай, автобусны буудал, булан тохой бүр тамхины иш, нус шүлстэй, дотор арзаганамаар дүр зураг хаа сайгүй байлаа. Хотын гудамжаар явган алхах ч аргагүй байв. Ийм зөрчил гаргаж, бүдүүлэг аашилсан иргэдээ Зөрчлийн хуулиар айлгаж, халаастай нь яриад ч тусыг эс олсон. Харин covid-19-ийн нөлөөгөөр эл асуудал мартагдсан ч иргэдийн хайхрамжгүй байдал дан ганц үүгээр зогсохгүй нь.

Засгийн газраас онцгой дэглэм тогтоогоод багагүй хугацаа өнгөрч, хүн бүр амны хаалт тогтмол хэрэглэж дадсан. Харамсалтай нь, тэд хэрэглэсэн амны хаалт аюултай хог хаягдалд багтдагийг мэддэггүй бололтой. Мэдсэн ч тоохгүй ил задгай хаядаг нь ч цөөнгүй биз.

Амьдардаг орцноосоо авхуулаад гудамж талбай, автобусны буудал, нийтийн тээвэр гээд хаа сайгүй хэрэглэсэн амны хаалтаа хаях болоод уджээ. Бүгд биш ч иргэдийн ухамсаргүй эл үйлдэл аюултай хог хаягдал болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэг биш удаа анхааруулсаар ирсэн.

Нэг удаагийн амны хаалтыг хоёр, даавуун угааж цэвэрлэх боломжтойг нь дөрвөн цаг тутамд солихыг зөвлөдөг. Энэ нь эрүүл мэндээ хамгаалж, амны хаалтаа олон удаа соль гэсэн үг болохоос биш, хэрэглэснийхээ хэмжээгээр гудамж талбайд хая гэсэн үг биш.

Нэг үеэ бодвол иргэд амны хаалт зүүж, тогтмол хэрэглээ болгож дадсан нь сайн хэрэг боловч хаа сайгүй хаяж буй нь харамсалтай. Хэрэглэсэн амны хаалт аюултай хог хаягдал хэмээн онцолж байгаа бөгөөд амьсгалын замаар дамжих халдвар, улмаар covid-19 тархах эрсдэл дагуулдаг. Дотооддоо халдвар алдаж, өвчлөл Улаанбаатарт голомтлон гарч буй энэ цаг үед хэрэглэсэн амны хаалтаа олны хөлийн газар дэлгэж хаях нь зохистой үйлдэл мөн үү.

Муугаар бодоход хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул дагуулах хэмжээнд хүрвэл яах вэ гэдэг асуудал ч яригдана. Уг нь  хэрэглэсэн амны хаалтыг энгийн хог хаягдалтай хамт хаялгүй, уутанд тусад нь хийж хаях ёстой. Үгүй бол хог хаягдал цэвэрлэж буй ачигч, үйлчлэгчээр дамжин халдвар тархах магадлалтай болохыг мэргэжилтнүүд анхааруулсаар байтал тэдний дунд өвчлөл бүртгэгдлээ. Баянзүрх дүүргийн ТҮК-ийн нийт есөн ажилтан халдварт өртсөн нь өнөөдөр анхааруулах дохио ч байж мэднэ. Маргааш нь хүн амын дунд өвчлөл аюулын харанга дэлдэхийг үгүйсгэх аргагүй.

ТҮК-ийн ажилтнуудын хувьд үүр цайхаас өмнө ажилдаа гарч, үдшийн бүрий хүртэл хотын хамаг л “бохир”-той зууралддаг. Тэд галын шугамд ажиллаж буй төрийн алба хаагчдаас өөрцгүй. Ухамсаргүй, соёлгүй авирласан иргэдийнхээ хаясан хог, хэрэглэсэн амны хаалт, нус, шүлс, цэр зэрэг бохирыг цэвэрлэж, агаар дуслын замаар дамжих эрсдэлтэй орчинд ажилладаг гэсэн үг.

Эрүүл мэндийн яамнаас иргэддээ амны хаалт зүүх хичээл өмнө нь заадаг байсан бол одоо хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байхад анхаарах асуудал мэргэжилтнүүдийн толгойн өвчин болоход хүрлээ. Эрүүл мэндийн яамнаас ТҮК-ийн ажилтнууд халдварт өртөж өвчилсөн нь ил задгай хаясан амны хаалттай холбоотой байхыг ч үгүйсгэхгүйг өчигдрийн мэдээллээр анхааруулсан билээ.

ИЛ ЗАДГАЙ ХАЯСАН АМНЫ ХААЛТ COVID-19 ТАРААХ  ЭРСДЭЛТЭЙ

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: 

-Иргэдийн хувьд амны хаалтаа зөв зүүх хэрэгтэй. Хамар, эрүүгээ таглана. Гадаад орчинд амны хаалтыг хаяж байна. Амны хаалтыг ил задгай хаях нь сovid-19 тархах эрсдэл байж болзошгүй. Учир нь ТҮК-ийн ажилтнууд халдварт өртөж өвдлөө. Амны хаалтыг зөв хэрэглэхгүй бол эргээд хүмүүс өвчлөх эрсдэлтэй. Иймд хэрэглэсэн амны хаалтаа хоёр бүчнээс нь ороох ба ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудын хог хаягдлыг хянаж шалгадаг. Харин айл өрхийнхийг хянах боломжгүй. Тиймээс иргэд өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож ухамсартай хандах хэрэгтэй. Та бидний базаахгүй зуршил балаг тарих эрсдэлтэйг ч санахад илүүдэхгүй биз ээ.

Б.ЦЭЦЭГ

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.