МХЕГ: Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй барилга орон нутагт олон бий

2021-01-12 Мэдээ, мэдээлэл

 

 

Хөвсгөл аймагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүний улмаас барилга, байгууламжид эвдрэл гэмтэл гарсан эсэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл өглөө.

Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал “Өнөөдрийн газар хөдлөлттэй холбоотойгоор Хөвсгөл аймаг болон зэргэлдээх аймгуудад ажлын хэсэг гарч, шалгалт хийж байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд сургууль болон Засаг даргын Тамгын газрын байрны хана цуурсан, шавар, замаск унасан тухай зураг, мэдээлэл ирсэн. Мөн аймгийн төвд долоон орон сууц болон жижиг барилгуудад гэмтэл үүссэн. Бусад аймагт барилгад эвдрэл гэмтэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Гэхдээ үзлэг шалгалт үргэлжилж байна. Улаанбаатар хотод мөн ажлын хэсэг гарч, үзлэг хийж байгаа” гэж ярилаа.

Мөн тэрбээр манай улсын барилга, байгууламж газар хөдлөлтөд хэр тэсвэртэй талаар “Монгол Улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга байдаг. Жилд 1000-1500 барилга шинээр ашиглалтад ордог.Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт их буюу 16.6 хувь, Улаанбаатар хотод 2.1 хувь байна. Манай улсад ашиглаж буй барилга байгууламжийн газар хөдлөлийн бат бэхийг шалгах дөрвөн аргачлал бий. Тухайн барилга газар хөдлөлийн хэдэн баллын бүсэд баригдаж байгаагаас шалтгаалан зураг төслийг боловсруулдаг. Мэргэжлийн хяналтаас шалгахдаа зураг төсөл нь норм дүрмийн дагуу хийгдэж үү, барилга зургийн дагуу баригдаж байна уу гэдгийг л шалгадаг” гэсэн юм.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.