Бодлын хүч

2021-04-13 Амрах агшин

Нэгэн эрин үе 1000 жил үргэлжилдэг гэж үзвэл загасны эрин 2012 оноор дуусаж, 2013 оноос бумбын эрин үе эхэлж байна гэж одон орон судлаачид бичиж, өгүүлэх болсон. Үүнтэй уялдан сүүлийн үед номын дэлгүүрүүдээр энерги, ауро, бодлын хүч, бясалгалтай холбоотой цөөнгүй ном товхимол худалдаалагдаж, бясалгалын сургалт олноороо хичээллэх болсон.

Энэ нь юуг өгүүлж байна вэ гэхээр 2012 он бол ертөнцийн төгсгөл биш, шинэ цаг үеийн эхлэлд хүн төрөлхтөн хүрч ирлээ гэсэн үг юм. Бумба нь эрдэм номын сав байдаг. Бумбын эрин үед сайн сайхан зүйлийг бодож, мөрөөдөж, хэлж явдаг хэн бүхний үг амилж, бодол биелэх цаг ирж байна.

Эерэг бодол, үг хүний амьдралд ямар хэрэгтэй вэ?

Манай гариг, ертөнц, хүн төрөлхтөн та бид бүгдээрээ байгалийн тодорхой хууль дүрмийн дагуу оршин тогтнож, хөгжиж байдаг. Байгалийн хуулиуд мөнхийн байдаг. Өдөр шөнө, нартай, бороотой, хаана байхаас үл хамаарч тогтмол үйлчилж байдаг. Жишээ нь: Дэлхийн татах хүчний хууль. Үүнтэй нэгэн адил хүний аж амьдралын алхам тутамд үйлчилж байдаг нэг чухал хууль бол Таталцалын хууль. Ижил төстэй зүйлс төстэй зүйлээ татдаг. Амьдарлаа утга учиртай байлгахын тулд энэ хуулийн мөн чанар, зарчмыг мэдэх нь чухал юм. Зарим өглөө эрч хүч муутай босоход тэр өдрийн ажил үйлс бүтэмж муутай байдаг. Дандаа өвчин ярьж явдаг хүн өвдөж л байдаг. Элбэг дэлбэг амьдрал, сайн сайхан явах тухай ярьсан хүн хөгжин дэвшиж явдаг.

Хүний бодол бол энерги, гэхдээ бодол бүр өөр өөрийн давтамжтай долгион юм. Тийм болохоор юу бодно түүнээ татна гэсэн үг юм. Хүн бол соронз шиг бодлоороо өөрийн амьдралд тохиолдох бүх зүйлийг татаж байдаг. Тэгвэл бодлын хүчийг амьдралдаа хэрэгжүүлж амжилтанд хүрсэн нэгэн хүний тухай та бүхэнд сонирхуулъя.

Америкийн кино найруулагч, продюсер, кино зохиолч Стивен Аллан Спилбергийг танихгүй хүн байхгүй. Тэрбээр дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон олон кино оддыг өөрийн бүтээлээрээ таниулан гаргаж, дөч гаруй жилийн туршид кино урлагийн төрөлд хүч оюунаа дайчилсан нэгэн. Тэрбээр эхээс төрөхдөө л дэлхий даяар танигдсан алдартай байсан уу гэвэл мэдээж тийм биш. Спилберг АНУ-ын Охайо муж улсын Цинцинатти хотод 1946 оны арванхоёрдугаар сарын 18-нд еврэй угсааны гэр бүлд мэндэлсэн юм. Эцэг Арнольд нь ресторанд төгөлдөр хуур тоглож хажуугаар нь цахилгааны инженер хийдэг байжээ.

Спилберг хүүхэд ахуй наснаасаа найзуудтайгаа 8 мм-ийн хальсан дээр богино хэмжээний кино хийж ресторанд 25 центээр үзүүлж, эгч нь энэ үед попкорн зарж давхар мөнгө олох байдлаар бага наснаасаа эгч дүүс уялдаатай бизнес эрхэлж, багаасаа кино найруулагч болно гэж мөрөөдөж оролдлого үргэлжилсээр. Үеийн найзууддаа өөрийгөө алдартай кино найруулагч болсон мэтээр ярьж, мөрөөдөлдөө хөтлөгдөн 1958 онд хөвгүүдийн скаутад байх үедээ Сүүлчийн халз тулаан зохиомжийг найман миллиметрийн хальсаар бүтээн шагнуулж байжээ. 1963 онд 16 настай Спилберг 140 минут үргэлжлэх шинжлэх ухааны адал явдалт Галт гэрэл киног 500 ам.долларын өртөгтэйгөөр бүтээсэн юм. Эдгээр богино хэмжээний кино зохиомжуудыг бүтээхэд бяцхан Спилбергт бүх зүйл амар байгаагүй. Гагцхүү тэр бэрхшээл бүрийг давахын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байсан. Спилберг дунд сургуулиа төгсөж, мөрөөдөж байсан кино найруулагчаар суралцаж төгссөн. Кино найруулагч болсон. Олон газар руу ажилд орох хүсэлтээ илгээсэн боловч залуу туршлагагүй Спилбергийг кино найруулагчаар авах байгууллага олдсонгүй. Гэхдээ тэр шантралгүй өдөр бүр хүсэлтээ өөр байгууллагууд руу илгээсээр байв. Гэвч зөвшөөрсөн хариу ирэхгүй л байлаа. Гэтэл нэг удаа Спилберг ажил хайж гадуур явж байгаад Уныверсал кино компани хажуугаар явж байгаад энэ миний ажиллах газар мөн байна, би энд заавал кино найруулагчаар ажилд орно гэж өөртөө шивнээд долоо хоногийн турш зөвхөн ажиглав.

Тэрбээр өглөө 09.00 цагт ирж Уныверсал кино компани руу орж гарч буй ажилчдыг ажиглаж 17.00 цагт ажилчид тарахад гэрлүү явж байлаа. Уныверсал кино компанид үсээ гоёмсог хагалан самнасан, брэндийн хар хослол, цагаан цамц, үнэтэй арьсан гутал өмсөн, ганган хувцасласан залуус ажилладаг байлаа. Энэ мөчид Спилбергт “Би эдгээр хүмүүс шиг хувцаслах хэрэгтэй юм байна” гэсэн бодол төрөв. Гэвч түүнд тэдний өмсөж, хэрэглэж байсан зүйлсийг авахад түүнд хангалттай мөнгө байсангүй. Тиймээс тэр долоо хоногийн турш хөлсний ажил хийж цуглуулсан мөнгөөрөө тэдгээр зүйлсийг худалдаж аваад нэг өдөр Уныверсал кино компанид тэдний ажилтан шиг дээгүүр харан орлоо. Үүдний харуул гайхашрангуй харж байснаа шинэ ажилтан байна гэж бодон тоосонгүй өнгөрөв. Спилберг төв байрны 0 давхарт нэг эзэнгүй өрөө олоод хаалган дээр нь кино найруулагч Стивн Стилберг гэсэн хаяг наачив. Үнэндээ хүн орохыг хориглоно аюултай гэсэн бичигтэй өндөр хүчдэлийн өрөө байв. Мөн коридороос хэн ч тоож авдаггүй хуучин ширээ сандал олж аваад өрөөндөө оруулан тэндээ өдөржингөө бодож суудаг боллоо. Ажил тарахад явж, цуглахад ажилдаа ирж байгаа хүн шиг сайн байна уу гэж инээмсэглээд явдаг байлаа. Энэ байдал нэлээн удаан давтагдав. Түүнийг хэн ч анзаарсангүй. Гэтэл нэгэн өдөр Спилберг ажлынхаа гадаа тамхилаад юм бодон зогсож байтал гэнэт нэг үл таних хүн гал асуув. Тэр хүн өнөөдөр сайхан өдөр байна шүү гэж хэлэхэд Спилберг сайхан байна гэж хариулав. Нөгөөх хүн та энд юу хийдэг вэ гэж асуухад манай хүн юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг зогссоноо “би кино найруулагч Спилберг байна” гэж өөрийгөө танилцуулан хийх гэж байгаа киноныхоо тухай амьсгаа авах завдалгүй ярьж гарав. Тэрбээр энэ кинондоо тоглох жүжигчдыг нь хүртэл сонгосноо хэлж, 10 минутын дотор үл таних эрийн нүдэнд харагдтал ярив. Спилберг сүүлд нь даанч надад мөнгө байхгүй байна л даа гэж хэлээд толгойгоо илэв. Үл таних эр чи энэ киногоо хий, би хөрөнгө оруулъя гэв. Тэр хүн Уныверсал кино компанид тодорхой хувь эзэмшдэг хөрөнгөтэй баян хүн байлаа. Тэгээд Спилберг Амблин хэмээх алдартай киногоо найруулсан гэдэг.

Тэгэхээр бодлын хүч ийм л агуу “дасгал” юм.

Эх сурвалж: Newsmedia.mn

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.