IELTS 6.0 өгсөн туршлагаас…

2020-12-28 Амрах агшин
Гарчигаас харахад нэг их өндөр оноо биш ч гэсэн би гуравхан сарын дотор 4.5-аас 6.0 болгож оноогоо өсгөсөн юм шүү. Тэгээд хэрэгтэй нэгэнд хэрэг болж магадгүй гээд өөрийнхөө туршлагаас орууллаа. Анх  хүмүүсийн авсан өндөр оноог хараад, надад бол боломжгүй мэт санагддаг байлаа. Бэлдэж эхлэх хугацаандаа баахан л тактик, илүү дутуу арга барил судалж цагаа дэмий үрж байсан юм. Одоо эргээд харахад хамгийн үр дүнтэй арга нь эхлээд тестүүдийг яг шалгалтын дагуу хийж

 ажиллах хэрэгтэй. Ядаж 4 удаа жинхэнэ тест хийж үзэхэд өөрийнхөө юун дээр илүү, юун дээр дутуу гэдгээ гадарлана. Түүнийхээ дараа харин стратеги, тактик, арга барил сурвал илүү үр дүнтэй гэж ойлгосон.


Listening: Миний хувьд хамгийн гайгүй хэсэг нь байсан. Өдөрт нэг тест гэдэг зарчим баримтлан, түүндээ үнэнч байлаа хэхэ. Өглөө босоод ч юм уу, тестийн хугацаа нь 30 минут учир өдөрт нэг тест хийхэд их цаг орохгүй. Энэ хэсэгт хамгийн гол нь олон тест хийх хэрэгтэй санагдсан. Нэг их стратеги, арга барил сурах шаардлагагүй. Нэмж хэлэхэд янз бүрийн подкастууд сонсох хэрэгтэй. BBC world service-н үнэнч сонсогч болсондоо 🙂 http://ieltsonlinetests.com/ ийшээ ороод өдөрт нэг тест хийгээд байгаарай.

Reading: Хамгийн их үзэн ядсан хэсэг нь унших байлаа. Ойролцоогоор 900 үгтэй 3 текстийг нэг цагт хийнэ гэдэг миний хувьд хар дарсан зүүд байсан. Анх эхлээд мэдэхгүй үг бүрээ тольдож, цээжилж үйлээ үзсэн. Сүүлд нь харин үг тольдохоо болиод гүйлгэж уншиж бага багаар сурсан. Миний үзсэн хичээлүүдээс хамгийн үнэн нэг үг байсан нь: “Маш их унш.” Уншихдаа үг бүрийг тольдолгүйгээр параграфынхаа утгыг нэлэнхийд нь ойлгох чадвар хамгийн чухал. IELTS-н reading part бол таны уншиж ойлгож байгааг чинь биш, ерөнхийдөө vocabulary test. Тийм болохоор давхар утгатай үгүүдийг хурдан олж харах, бас paraphrase буюу адил утгатай параграфыг олж авах чадварыг сурах хэрэгтэй санагдсан.

Writing: Энэ хэсэгт нөгөө стратеги арга барил хамгийн их шаардана. Тогтсон хэлбэр бүхий хоёр ессэ бичих юм. Энэ дээр л яг зөв үгийг зөв өгүүлбэрийн бүтцэд оруулж бичвэл ер нь тэгээд болчих нь тэр. – Task 1: Өгөгдсөн график мэдээллийг яг байгаагаар нь тайлбарлана. Ямар ч тохиолдолд таны бодол гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн графикаа л илүү дутуу чамин үггүйгээр товч тодорхой зохион байгуулалттай тайлбарлана. – Task 2: Өгөгдсөн сэдвийн дагуу өөрийн бодлоо академик төвшний эссе болгож бичнэ. Энэ хэсэгт таны бодол хамгийн чухал. Баримт, факт ашиглан өөрийн бодлыг зөв зохион байгуулалттайгаар бичих нь хамгийн чухал. Гол нь ямар ч илүү дутуу сул үг хэллэг ашиглах ёсгүй. Доор дурьдсан Queensland-н их сургуулийн онлайн сургалтанд маш дэлгэрэнгүй байгаа учир би худлаа үнэн юм бичихээ болилоо.

Speaking: Ярилцлагын хэсэг тухайн хүнээсээ маш их шалтгаална. Гол нь маш цэгцтэй, оновчтой ярих нь чухал. Ерөнхийдөө тавигдах асуултууд нь хэдэн сэдвийн хүрээнд эргэлддэг болохоор тухайн сэдвүүдийнх нь хүрээнд нэлээд сайн бэлдвэл айгаад байх зүйлгүй. Миний хувьд азтай, сүүлийн нэг сар нөхөртэйгөө өдөр болгон бэлтгэл хийсэн. Нөхөр маань АНУ-д их сургууль төгссөн учраас хэл нь маш сайн, тиймээс миний алдааг засаж, зааварчилгаа өгдөг байсан юм. Миний хувьд P.R.E.P. гэдэг зарчим баримтлахыг их хичээсэн. PREP гэдэг нь ямар ч сэдвийн асуулт ирэхэд эхлээд Point – буюу гол санаагаа хэлэх, Result – буюу үр дүнд нь юу болохыг ярих, Example – буюу тухайн сэдвийнхээ дагуу өөрт тохиолдсон жишээг ярих, Point – буюу гол санаагаа бататгаж тухайн сэдвээ хаах гэсэн зарчмыг баримтлахыг маш их хичээсэн болно. Цагаа тулахаар их хэцүү байдаг ч ямар ч зохион байгуулалтгүй баахан юм ярьснаас арай дээр оноо авах магадлалтай.

За миний хувьд дээрх тактикуудыг мөн ч их судалсандаа. Амьдрал дээр гол нь тактик биш таны Англи хэлийг хэрхэн ашиглаж байгааг тань шалгаж байгаа учир элдэв янзын стратеги судалж цагаа алдалгүй үндсэн тестээ эхэлж хийсэн нь дээр гэдэг санаа маань ийм учиртай. Хэрэв би анхнаасаа тестээ эхэлж хийгээд дунд үедээ тактикуудаа судлаад явсан бол илүү оноо авах байсан байх гэж одоо бодож байгаа юм. Мэдээж өөрийнхөө төвшинд оноогоо авсан учир гонгиноод яахав дээ.

Энэ группийг харахад элдэв янзын хүмүүс олон л янзын ном өндөр үнээр зарж байгаа харагддаг. Харин миний хувьд ном, сурах бичгүүдэд нэг ч төгрөг үрээгүй. Тийм болохоор өөрийнхөө бэлдсэн материалуудыг оруулъя.

Бэлдэх номууд: Cambridge-н номууд хамгийн үр дүнтэй санагдсан. Учир нь жинхэнэ шалгалтын материалыг Cambridge-ээс боловсруулдаг. – “The Official Guide of IELTS” (Шалгалтын бүх хэсгийг дэлгэрэнгүй тайлбарласан учир хамгийн эхэнд хийвэл үр дүнтэй, дотроо 8 ширхэг тесттэй) – “Cambridge Practice Tests for IELTS 1-11” (Зөвхөн тестүүд, мэдээж жинхэнэ шалгалттай хамгийн ойролцоо) – “IELTS Practice Tests Plus 2” (6 тест, мөн аргачлал. Хамгийн хүнд ном байсан учир бэлтгэлийнхээ төгсгөлд нь хийсэн нь дээр санагдсан) – “Official IELTS Practice Materials Volume 1-2” (Жинхэнэ шалгалтын материалыг ном болгож гаргасан, хуудасны дизайн нь хүртэл яг шалгалт шиг) Дээрх бүх номууд интернетээр дүүрэн бүгд үнэгүй байгаа. Мөн онлайн хичээлүүд маш үр дүнтэй байсан (төлбөргүй, бас 100 хувь гадаад багштай хэхэ). Элдэв янзын сургалтанд сууж мөнгө, цаг хугацаагаа битгий алдаарай. Эцсийн эцэст багш биш та шалгалт өгөх учир таниас л оноо чинь хамаарна. Холбоосуудыг нь доор орууллаа.

Онлайн хичээлүүд: – “IELTS Academic Test Preparation” Queensland их сургуулийн курс. Бүх зүйлийг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Энэ хичээлийг Audition хийнэ гээд үнэгүй үзчихэд элдэв янзын сургалтад сууж мөнгө үрэх хэрэггүй. Би ямар ч сургалтад суугаагүй.

Холбоос: https://www.edx.org/course/ielts-ac… – “Understanding IELTS British Council” British Council буюу IELTS шалгалтыг авдаг байгууллагын албан ёсны үнэгүй сургалт. Гэхдээ Queensland-ын сургалтаас жоохон товч тайлбартай санагдсан. Холбоос: https://www.futurelearn.com/courses… Миний хувьд дээрх хоёр сургалтыг онлайнаар үзсэн. Өөр төлбөртэй сургалтад суугаагүй. Мөнгөө тэгж битгий дэмий үрээрэй.

Хэрэгтэй вебсайтууд: http://ieltsonlinetests.com/ (Шууд онлайн тест ажиллахад маш тохиромжтой. Миний дурдсан бүх ном энэ сайт дээр онлайн тест хэлбэрээр байгаа) http://ieltsmaterial.com/ (Дээр дурдсан номуудыг татаж авах холбоос нь энэ сайт дээр байгаа) http://www.ielts-mentor.com/ (Энэ сайтаас янз бүрийн зөвлөгөө, хамгийн чухал нь writing task-д зориулсан vocabulary байгаа.)

Апп: http://www.memrise.com/course/12875… Энэ линкээр ороход Memrise app-д IELTS-н түгээмэл 540 үг нэртэй курс байгаа. 10 үетэй, Үг нь Монгол тайлбартай учир над шиг анхан шатны хүмүүст их ойлгомжтой байсан. Гол нь үг цээжилснээр бичих, унших хэсгүүдэд маш их хэрэгтэй. Мэдээж сонсголын хэсэгт ч гэсэн их үр дүнтэй.

Эцэст нь хэлэхэд миний хувьд өөрийнхөө Англи хэлийг маш муу гэдгийг сүүлийн саруудад IELTS-д бэлдэж байхдаа ойлгосон юм. Ер нь бол шалгалтын онооноос илүү таны Англи хэлний хэрэглээ, мэдлэг чухал байдаг гэдгийг илүү ойлгосон. Дүрэм бол хамгийн залхуутай хэцүү хэсэг ч барилгаар бол суурь нь учраас Англи хэлний English Grammar in Use ном мань мэт шиг анхан шатны хүмүүсийн ширээний ном юм байна лээ шүү. Мэдээж нэтээр дүүрэн байгаа.

Балиар үнэтэй шалгалтад чинь амжилт хүсье. Мөн ч их хүн энэ шалгалтаас болж нойроо хасаж, нервээ баран, түүнээс ч дутахгүй олон хүн энийг ашиглан мөнгө олдог сайхан бизнес гэдгийг ойлгосон хугацаа байлаа. Бүгдэд нь амжилт хүсье!

Эх сурвалж: “IELTS-д бэлдэгчдийн грүпп GALKHUU ZAYA’s post” facebook хуудас

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.