COVID-19: Цар тахал биднийг цахим амьдралд шилжүүлж байна

2020-12-22 Амрах агшин

Японы ард иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид нь энэхүү цар тахлын үед хэрхэн амьдарч, бизнесээ хөрвүүлж байгаа талаарх туршлагаас хүргэж байна. Тухайлбал, хөл хорионы хугацаанд хэвийн үйл ажиллагаагаа алдсан бизнесээ яаж сэргээх вэ? Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм сунгагдвал бизнесээ хэрхэн хадгалж, коронатай зэрэгцэн амьдарч сурах вэ?… гэх мэт асуултад МҮХАҮТ, Жайка, Монгол-Японы хүний нөөцийг хөгжүүлэх төв, ЖДҮГ хамтран Япон улсын туршлагаас танилцуулж байна.

✅ Өдөр тутмын амьдрал үл хавьтлын хэлбэр рүү шилжиж байна.
✅ Цахимаар ажиллах болсноор хүмүүсийн ажил, гэр хоорондоо ойр байх шаардлагагүй болж байна. Өнгөрсөн хагас жилд Токиогоос орон нутагт амьдрахаар шилжсэн иргэдийн тоо өмнөх үеийнхээс 1,5 хувь өсчээ. Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх шаардлага гарч байна.
✅ Хөдөлмөрийн зах зээл цахимжиж, онлайн ажлын платформ хөгжиж эхэллээ. Ажлын зар, ажилд орох ярилцлага, сонгон шалгаруулалт зэрэг нь онлайнаар хийгдэж, интернэтэд нээлттэй тавигдаж байгаа учир бүх зүйл тунгалаг, “шилэн” болж байна.
✅ Хүнээс хамаарах буюу хүний оролцоотой ажил багасч байна. Хүргэлтийн үйлчилгээнд дрон, автомат машин ашиглах хандлага бий боллоо. Хиймэл оюун ухаан, автоматжуулалтыг хэрэглэх шаардлага огцом өсөв.
✅ Ажлын байраа алдахгүйн тулд шинэ ур чадвар эзэмших шаардлагатай болж байна. ЖДҮ компаниуд хүмүүст юу тулгамдаж байна, юу хэрэгтэйг олж хараад уян хатан байж, бизнесээ хөрвүүлэх хэрэгтэй аж.
✅ Ресторанууд савлагаатай, шууд авч явах зориулалттай хоол хүнсний борлуулалт, түгээлтэд шилжиж байна.
✅ Фитнесс төвүүд заалаа дахин зохион байгуулж, нэг хүний VIP өрөөтэй болгож байна.
✅ Супермаркет, дэлгүүрүүдэд заавал өөрөө очих шаардлагагүй, өмнөөс нь худалдан авалт хийж хүргэж өгөх үйлчилгээ хөгжиж байна.
✅ Үсчин гоо сайханчид үйлчлэгчдийн гэрт, эсвэл ажил дээр нь очиж үйлчлэх явуулын үйлчилгээг сонгож байна.
✅ Гэрийн караоке, хөлөгт тоглоом зэрэг гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөх тоглоом, энтертаймент хэрэгслүүдийн бизнес цэцэглэж байна.
✅ Баар, ресторан, караоке хаагдсан ч талбайгаа дахин зохион байгуулж нэг хүний оффис болгоод ААН-үүдэд түрээсэлж байна.
✅ Үзвэр, үзэсгэлэн, худалдааг виртаулаар гаргаж байна.

Энэ мэтээр корона биднээс илүү ухаалаг, уян хатан байхыг шаардаж байна. Онцгой байдалд бизнесээ үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргаж, ажлын байраа хадгалах чиглэлд бусад ААН-тэй хамтрах, дундын оффис бий болгох, цар тахлыг боломж гэж харж бүтээлчээр сэтгэхийг Япончууд зөвлөлөө.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.