Шинжилгээтэй 1500 жолоочийг тасралтгүй тээвэр хийлгэх чиглэл өгөв

2020-12-4 Мэдээ, мэдээлэл

Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг хангах Шуурхай бүлгийн цахим хурлаар Хятадын талд шинжилгээ хийлгэсэн 1500 жолоочийн тээвэр хийх явцыг тасралтгүй үргэлжлүүлэхээр болов.

Тус Шуурхай бүлэг нь “COVID-19” халдварын цар тахлаас үүдэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг хүлээн ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын удирдсан энэ хуралд ЗТХЯ, ГХЯ, ХХЕГ, ГЕГ, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцож, улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцлээ.

Тус хулаар Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг: “Хятадын тал өөрсдийн хийсэн шинжилгээтэй жолооч авах тал дээр тууштай байна гэдгээ, мөн жолооч нарыг урьдчилж гаргаад шинжилгээ өгүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Асуудлыг хоёр талын хилийн байгууллагууд хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй” гэв.

Мөн АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга С.Мөнх-Эрдэнэ: “Өнгөрсөн сард Хятадын талд шинжилгээ хийлгэсэн 1500 орчим жолоочийн судалгааг гаргасан. Гашуунсухайт боомтоор шинжилгээтэй жолооч нарыг түрүүлж гаргахаар ажиллаж байгаа” гэлээ.

Харин Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишиг: “Шинжилгээ хийлгэсэн жолооч нарыг дараалал харгалзахгүй авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Ганц мод боомтод лаборатори маргаашаас ажиллаж эхэлнэ” гэсэн Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Эрээнд ажиллах 32 жолоочоос түргэвчилсэн шинжилгээ авч, тусгаарласан. УОК, ГХЯ жолооч оруулах асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна” гэж мэдээллээ.

Шуурхай бүлгийн хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Замын-Үүдийн 32 жолоочийн шинжилгээ, тээврийн хэрэгслэл, хариуцаж байгаа албан тушаалтны мэдээллийг тодорхой болгож өгөх,

-БНХАУ-д үйлдвэрлэсэн PCR шинжилгээний аппаратыг ашиглан манайд хийсэн шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг тодруулах,

-Автотээврийн үндэсний төв Ганц мод боомтод шинжилгээ хийлгэсэн жолооч нарын судалгааг ГЕГ-т гаргаж өгөх,

-Хятадын талд шинжилгээ хийлгэсэн 1500 жолоочийн тээвэр хийх явцыг тасралтгүй үргэлжлүүлэх,

-Монголын талд шинжилгээ хийлгэсэн ч хилээр гарч чадахгүй байгаа ачаатай жолооч нарын шинжилгээг Хятадын талтай зөвшилцөн чирэгдэл багатайгаар шуурхай өгүүлэх, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй жолооч нарын дунд үл ойлголцол гарах, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх ажлыг Автотээврийн үндэсний төв, Өмнөговь аймгийн Автотээврийн төв, Цогтцэций сум дахь салбар, хил, гааль, цагдаа, онцгой комисстой хамтран зохион байгуулах чиглэл өглөө хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.