О.Оюунчимэг: Дэвжээн дээр ухаантай, овсгоотой байж чадсан нь ялна

2020-11-23 Амрах агшин

– Жүдо бөхөөр хичээллээд хэдэн жил болж байна, яагаад энэ спортыг сонгох болов?

-2016 оноос хойш жүдогоор хичээллэсэн. Одоо тав дахь жил рүүгээ орох гэж байна. Би Сонгинохайрхан дүүргийн Б.Хаштогтох дасгалжуулагчтай “Хаан хүнс импекс” дэвжээний тамирчин. Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит “Өсвөр үеийн олон хотын тэмцээн”-д манай клубын 60 гаруй тамирчин оролцохоор ирлээ.

Анх жүдогоор хичээллэнэ гэж ерөөсөө бодож байгаагүй. Шилжиж очсон сургуулийн маань хүндэт самбар дээр жүдогоор хичээллэдэг ах эгч нарын зураг тавигдсан байсан. Тэр зургийг хараад гоё санагдаж, хичээллэдэг болъё гэж бодсон.


-Анхны тэмцээн нь ямар тэмцээн байсан бэ, сандарч байв уу?

-Анхны тэмцээнд орохдоо маш их сандралтай байсан. Хотын аварга шалгаруулах тэмцээнд ороод хүрэл медал авсан. Тэр тэмцээнээс урам зориг аваад бэлтгэлдээ улам шамдсан. Эхний жилүүдэд тэмцээнд орохдоо сандардаг байсан. Өрсөлдөгчөө хараад л айдаг байлаа. Одоо бол олон тэмцээнд ороод өрсөлдөгчөө мэддэг болсон болохоор айх сандрах нь багассан…


-Тэмцээний үеэр дасгалжуулагч багш нь их дэмжлэг өгдөг байх?

-Тэмцээний өмнө жиндээ орчихоод тойрч суугаад хоолоо иднэ. Маргаашийнхаа барилдааны талаар багш, тамирчид хоорондоо ярилцаж, зөвлөлдөнө. Багш маань их урам зориг өгдөг. Барилдахын өмнө нуруун дээр цохиод, яаж барилдах тухай хэлдэг. Тэгээд л сандрал гайгүй болчихдог.


-Жүдо бусад спортоос ялгарах онцлог нь юу вэ, энэ спортод орсноор ямар өөрчлөлт гарсан бэ?

-Чөлөөт, самбо бөх хөлд хүрч, үнэлгээ нь тоогоор явдаг. Жүдо бол хөлд хүрэхгүй, хоёр үнэлгээтэй байдаг. Олон улсын тэмцээнд ороход гадаадын тамирчинтай барилдаж барилдаан өөрчлөгддөг. Ерөнхийдөө мэдэхгүй мэхээ сурч, сайжирдаг гэж хэлж болно.

Барилдана гэдгийг зарим хүмүүс ганц хоёр мэх сураад хүн ялж, давна гэж ойлгодог. Дэвжээн дээр хэн ухаантай, овсгоотой, түрүүлж хөдөлсөн нь ялна. Өрсөлдөгчөөсөө түрүүлж сэтгэх ухаан юм. Жүдогийн тамирчид насаар дүү ахмад ялгаагүй ёсолж, бие биенийгээ хүндэлдэг. Багийнхны уур амьсгал эерэг байж, хамтдаа хичээснээр амжилтанд хүрдэг ийм л спорт…


-Жүдогийн тамирчин болоод ямар амжилт гаргасан бэ?

-Миний оролцсон хамгийн том тэмцээн гэвэл Сурагчийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөнгөн медаль авч байлаа. ОХУ-д болсон тэмцээнд жин тус бүрт нэг тамирчин оролцсон. Монголоо төлөөлж 52 килограммын жинд орж барилдсан. Медалийн төлөө ОХУ-ын тамирчинтай барилдаад 4:2-оор хожигдсон. Тухайн үед медаль авах нь тодорхой гэж бодсон нь буруудсан. Одоо удахгүй  болох Залуучуудын улсын аваргын тэмцээндээ сайн бэлдэж оролцоно доо.


-“Өсвөр үеийн олон хотын тэмцээн”-д оролцох гэж байна. Аль аймгийн жүдочин хүчтэй өрсөлдөгч гэж бодож байна?

-Ер нь бүгд хүчтэй өрсөлдөгч гэж боддог. Өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Бүгд л хүчтэй… /инээв/

-Цаашдын зорилгоо танилцуулвал?

-Дэлхийн рекордыг эвдэнэ гэж боддог. Өнгөрсөн наймдугаар сард спортын дэд мастер цолоо авсан. Улсын аваргаас долоон мөнгөн медальтай, энэ амжилтаа ахиулаад байвал мастер болох байх.

-Долоон удаагийн мөнгөн медальтай гэхээр алтаас яагаад сугарчихав аа?

-Эхний барилдаанаа зөв, сайн хийх хэрэгтэй. Эхний барилдаан хамгийн чухал. Энэ барилдаанууд дээр тэсвэр дутсан гэж бодсон. Ээж минь барилдахын өмнө утсаар яриад өөрөө барилдах гэж байгаа юм шиг сандардаг. Түрүүлчихвэл баярлаад уйлах шахна. Цаашид надад итгэж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд улам хичээх болно.

-Жүдог нэг үгээр илэрхийлвэл, юу гэж хэлэх вэ?

 Жүдо бол тэсвэр тэвчээр юм.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.