Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 хотын тоонд зүй ёсоор тооцогдох Каталонийн бүс нутгийн нийслэл Барселон хот нь Испани улсад томоороо хоёрт тооцогдох бөгөөд 10 дүүрэгтэй, 1.615.500 орчим хүн амтай, чамин тансаг орчноороо дэлхийд гайхагдсан үзэсгэлэнт хот юм.
Барселон хот нь хотынхоо нэрээр нэрлэгдсэн хөл бөмбөг, сагсан бөмбөгийн алдарт багууд, Монтжуйсийн цэцэрлэгт хүрээлэн, эртний Готууд болон Испанийн алдарт уран барилгачин Антони Гаудигийн бүтээсэн Саграда Фамилиа буюу Гаудигийн Сүм нэрээр алдаршсан сүм зэрэг гайхамшигт хийц бүхий уран барилгуудаараа дэлхийд алдартай. Энэ хотод 1992 онд зуны Олимп зохион байгуулагдсанаас хойш аялал жуулчлалын өлгий нутаг болох үндэс суурь нь тавигджээ. Ингээд та бүхэнд энэхүү үзэсгэлэнт хотын жуулчдын түгээмэл очдог хамгийн алдартай газруудын талаар товч танилцуулъя.
Гаудигийн дутуу баригдсан сүм
Дээр дурдсанчлан уран барилгачин Антони Гаудигийн бүтээсэн хамгийн алдартай уран барилгын нэг нь анх 1888 онд суурийг нь тавьсан Саграда Фамилиа сүм бөгөөд жилд ойролцоогоор гурван сая орчим жуулчид үзэж сонирхдог. Сүмийг гаднаас нь харахад ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй, харин дотогш орох бол нилээд хугацаанд дарааллан зогсох шаардлагатай. Дотогш нэвтрэх тасалбарын үнэ нь 19.50 евро бөгөөд орлогыг сүмийн барилгыг гүйцээх ажиллагаанд хандив болгодог байна. Энэ сүр жавхлант сүмийн үүд хаалга жилийн дөрвөн улирлын турш нээлттэй бөгөөд ирсэн жуулчид хүлээж зогсохдоо огтхон ч төвөгшөөхгүйгээр дээд зэргийн сэтгэл ханамжийг мэдэрдэг ажээ.
Модернист Гуэлл парк
Антони Гаудигийн хамгийн чамин тансаг урлагийн бүтээл хэмээн нэрлэгдсэн Гуэлл парк нь ЮНЕСКО-н дэлхийн соёлын үнэт өвд багтсан бөгөөд анх 60 байшин бүхий хувийн орон сууцны зорилгоор зохион бүтээгдсэн хэдий ч энэ санаа нь төдийлөн амжилтгүй болсон тул 1923 онд нийтийн парк болгож, Барселона хотын консулд бэлэглэжээ.
Тус паркад нэвтрэхэд долоон евро байдаг бөгөөд өдөр бүр нээлттэй юм байна.
C.Гэрэлсүх
87326
30230
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.